Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женев дэх төв штабаас цахим хурал зохион байгууллаа. Хуралд ДЭМБ-ын гишүүн орнуудын бүс тус бүрийг төлөөлсөн эрүүл мэндийн сайд нар оролцож, КОВИД-19-ын халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Зүүн Өмнөд Азийн Бүсээс Непал, Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсээс Бахрейн, Европын бүсийг төлөөлж Унгар, Америкийн бүсээс Барбадос, Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон илтгэл тавьлаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл халдварын нөхцөл байдал, Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай танилцуулсан байна.
ДЭМБ манай улсыг салбар хоорондын уялдаа холбоог хангаж, эрсдлийн үеийн мэдээлэл харилцааны үйл ажиллагааг шуурхай зохион байгуулсны үр дүнд хүн амын дунд халдвар гараагүй байгаа, халдварын тархалтын үеийн бэлэн байдлыг хангах цаг хугацааг өөртөө бий болгосон гэж онцолжээ. Түүнчлэн манай улсыг ард иргэдээ хилийн чанадаас тогтмол татан авчирч байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Хуралд оролцсон улс орнууд Ковид-19-ын үед өвчтнүүдэд зориулсан тусгайлсан эмнэлэг ажиллуулах нь хүн амын дунд халдвар тархахаас сэргийлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдлээс хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдлыг хангах ач холбогдолтой тухай ярьж байв. Бүх улс орон гараа угаах, гадуур явахгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь Ковид-19-ын үед онц чухал гэдгийг илтгэлдээ дурджээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна