Хүүхдийн Зөвлөх Поликлиникт өдөрт 1200 хүүхэд амбулаториор үзүүлж байна

ALs
2025 оны 12-р сарын 11 -нд

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникт ажиллаж, үйлчилгээний ачаалал, өргөтгөлийн ашиглалт, хүний нөөцийн бэлтгэлтэй танилцжээ.

Тус поликлиникийн 6 давхар өргөтгөлийн шинэ байр энэ оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орж, 0-18 насны хүүхдэд бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн амбулаторийн болон оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Өдөрт 1,000–1,200 хүүхэд амбулаториор үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хүүхдэд түгээмэл тохиолддог мэдрэл, зүрх судас, чих, хамар, хоолойн тусламж үйлчилгээ эзэлдэг аж.Томуугийн улиралд амьсгалын болон хоол боловсруулах эрхтний үзлэгийн ачаалал нэмэгдэх, харин сурагчдын амралтын үеэр бусад үздэгийн ачалалал хоёр дахин өсдөг талаар Поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал танилцууллаа.

Ачаалал нэмэгдэх үед хүний нөөцөө нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөтгөх бэлтгэл хангагдсан.Одоогоор амбулаторийн 14 төрлийн үзлэг, 12 төрлийн оношилгоо хийж байна. Ирэх онд өдрийн мэс заслын тусламж үйлчилгээний хэсгийг ашиглалтад оруулахаар засварын ажил үргэлжилж байгаа гэв.

Амбулаторийн үзлэгт 7611-2180 болон 1800-0119 утсаар урьдчилан цаг авч үйлчлүүлэх боломжтой. Ингэснээр эмнэлэгт бөөгнөрөл үүсгэхгүй, халдварын эрсдлийг бууруулах давуу талтайг албаныхан онцлов. Мөн захиалсан цагийн 20 хувь нь ирдэггүй тул иргэдийг цагийнхаа хуваарийг чанд мөрдөхийг сануулжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна