АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын танилцуулсан Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг Оросын талаас сайшаалтай хүлээн авч "Манай үзэл баримтлалтай ихээхэн нийцэж байна" гэж мэдэгджээ.
Тодруулбал АНУ-ын засаг захиргаанаас танилцуулсан 33 хуудас бүхий баримтад Европыг "соёл иргэншлийн устал"-д орох эрсдэлтэй гэсэн бөгөөд ОХУ-ыг АНУ-д заналхийлэгч хүчин гэж тодорхойлоогүй аж.
Мөн гадаад нөлөөллийг таслан зогсоох, цагаачлалыг бууруулах, Европын Холбооноос цензур тавьсан зарим бодлогыг эсэргүүцэх зэрэг нь тус улсын тэргүүлэх зорилтуудын нэг гэжээ.
Европын Холбооны хэд хэдэн албан тушаалтан болон шинжээчид энэ стратегид шүүмжлэлтэй хандсан бөгөөд илэрхийлэл, өнгө аясыг нь Кремлийн хэллэгтэй төстэй хэмээн дүгнэжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Эдгээр өөрчлөлтүүд манай үзэл баримтлалтай тодорхой хэмжээнд нийцэж байна. Үүнийг эерэг алхам гэж харж байна” гэсэн байна.
Шинэ стратеги Орос руу чиглэсэн өнгө аясыг зөөлрүүлсэн нь Европын Холбооны шүүмжилж буй хамгийн том асуудал болов.
Учир нь энэ нь дайныг зогсоох асуудлаар Оросын талд ашигтай байр суурь үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна