АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ДЭМБ-тай харилцаагаа таслах шийдвэр гаргалаа

ALs
2020 оны 5-р сарын 31 -нд

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ДЭМБ-тай харилцаагаа таслах шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр ДЭМБ-ыг цар тахлын тал дээр хариуцлагатай хандаагүй, хэт Хятадын талыг баримталж ажилладаг хэмээн шүүмжлээд байсан. Үүнээс гадна Хятад Улсын буруутай үйлдлээс болж дэлхий нийтээр хүнд байдал ороод байгаа хэмээн дахин онцолжээ.

Ерөнхийлөгч Доналд Трамп цар тахлын асуудлыг БНХАУ-ын зуун хувь буруу хэмээн шүүмжилсээр байгаа. Үүнээс гадна ДЭМБ нь хэт Хятадын талыг баримталж ажилладаг учраас ДЭМБ-д олгодог санхүүжилтээ зогсоосон байсан. Хэдхэн хоногийн өмнө тэрээр санхүүжилтээ эргэн сэргээх тал дээр бодолцож байгаа хэмээн мэдэгдсэн боловч, өчигдөр Цагаан ордноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-тай харилцаагаа дуусгах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал тэрээр

“Бид өнөөдрөөс ДЭМБ-тай холбоотой харилцаагаа цуцлан тэдгээр санхүүжилтийг дэлхийн бусад эрүүл мэндийн байгууллагуудад зориулах болно”

хэмээжээ. Үүнээс гадна БНХАУ АНУ-ын 100 мянган иргэний амь насыг авч одлоо хэмээн онцолсон байгаа юм. Мэдэгдлийн үеэр Трамп, ДЭМБ Хятадын нөлөөгөөр дэлхийг төөрөгдүүлсэн хэмээн нэмж хэлсэн байна. Мэдэгдлийн төгсгөлд тэрээр “ДЭМБ Хятадын хүүхэлдэй” гэсэн утгатай үгийг хэлжээ. Худалдааны асуудлаас болж харилцаа муутай байсан хоёр улс, цар тахлын улмаас харилцаа нь улам муудах боллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна