Өнөөдөр Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллажээ.
Зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 23872,2 га газар нутгийг хамардаг бөгөөд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийт 12334 айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байна. Одоогийн байдлаар зуслангийн дөрвөн амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх зургийн даалгаварыг батлуулаад байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал “2020 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүсэд өнжмөл өвсний түймэр 273 удаа гарсан. Тиймээс “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж батлагдсан. Тус ажлын хүрээнд холбогдох байгууллагууд 26 зуслангийн аманд үе шаттайгаар ажиллаж байна. Эхнээсээ иргэд орц гарц нээх асуудлыг дэмжиж байгаа учраас энэ ажил үр дүнтэй болж Шадивлангийн 12 байршилд орц гарцыг амжилттай нээлээ” гэв.
Шадивлан зуслангийн тухайд 896.9 га талбайг эзэлдэг бөгөөд 176 өрхийн 528 хүн амтай. Судалгаагаар Шадивлан зуслангийн аманд илүү талбай хашаалсан, ойн сан руу орж хашаалсан 687 зөрчлийг илрүүлээд байгаа бөгөөд ойн сан руу орох орц гарцыг 12 байршилд нээхээр байршлыг тодорхойлсон. Тиймээс Шадивлан зуслангаас эхлэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна