СОНГИНЫН МОДОН ГҮҮРИЙГ 61 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧИЛЛЭЭ

ALs
2020 оны 6-р сарын 17 -нд


          Автомашин зорчих нь байтугай явган хүн явахад эрсдэлтэй Сонгинын амны Туул голын модон гүүр 61 жилийн настай. Энэ гүүрээр өглөө бүр хүүхэд багачууд, ахмадууд гээд олон хүн эрсдэл дунд зорчсоор ирсэн юм . Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтийн дагуу Сонгинын модон гүүрийг засах ажлыг эхлүүлж  205 метр урт төмөр бетонон болгон ашиглалтад орууллаа. Модон гүүрийг шинэчлэх ажлын төсөвт өртөг 4 тэрбум төгрөг болсон бөгөөд  энэ онд гүүрний 2 талыг засмал замтай холбоно.  Гүүрний цаана 100 гаруй айл өрх, 10  орчим аж ахуй нэгж, амралт, сувиллынхан нийтдээ 800 орчим хүн амьдардаг. Засмал зам, чанартай төмөр бетонон гүүртэй болсноор эдгээр иргэд амар тайван зорчих боломжтой боллоо.



Г.Должинсүрэн: /12 дугаар хорооны иргэн/


61 ЖИЛИЙН ДАРАА ГҮҮРИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

Миний бие гүүр баригдахаас өмнө 1950-иад онд Сонгинын амралтад тогоочоор ажиллаж байгаад 1990-ээд онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Сонгинын гүүр баригдахаас өмнө бид ажилдаа Туул голыг завиар гаталж очдог байлаа гээд яривал одооны хүүхдүүд гайхах байх. 1958 он шиг санагдаж байна, одоогийн энэ модон гүүр баригдаж, манай амралтыг зорьж ирсэн хүмүүс, эндхийн оршин суугчид зорчиход амар хялбар болж, тухайн үедээ томоохон бүтээн байгуулалт болж байсан. Харин он жилийн уртад элэгдэж хуучран даацгүй болсон гүүрийг төмөр бетон болгон шинэчилж барьсанд баяртай байна. Олон жил хүмүүсийг саадгүй явуулж ирсэн буянтай гүүр. Аргагүй л хуучирч муудсан даа. Тэр үед Сонгинын амралт Төв зөвлөлийн харьяанд байдаг, гадаад дотоодын албаны хүмүүс их ирж үйлчлүүлдэг, зэрэглэл өндөр амралт байсан. Бид энэ гүүрийг зуны улиралд нь мөн ч олон удаа засч янзалдаг байлаа. Хэчнээн ч янзлаад засал авахаасаа өнгөрсөн байсан. Найдвартай шинэ гүүртэй болсонд манай Биогийнхон, амралт, сувиллынхан, иргэд магнай нь тэнийж байна даа. Д.Сарангэрэл гишүүн маань бидэнтэй ирж уулзахдаа гүүрний 2 талд зам тавих зардлыг 2020 оны улсын төсөвт суулгасан сайхан мэдээг  дуулгасан. Зөвхөн энэ гүүр ч биш 12 дугаар хорооны өнгө зүсийг өөрчилж байгаа гишүүн дээ.  Зун болохоор ач гуч маань манай энд ирж зусдаг. Сайхан гүүртэй болсонд баярлаж байна даа.

2020 ОНЫ ТӨСӨВТ ГҮҮРНИЙ 2 ТАЛЫГ ЗАСМАЛ ЗАМТАЙ ХОЛБОХ АЖИЛ 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ

           


Ш.Дэлгэрцогт: /12 дугаар хорооны иргэн/


43 ЖИЛД БҮТЭЭН БОСГООГҮЙ АЖЛЫГ 4 ЖИЛД ХИЙСЭН

Биокомбинат гэхээр хүн бүхэн мэднэ. Гэхдээ эндхийн байнгын оршин суугчид ямар орчин нөхцөлд амьдардаг, ямар бэрхшээл тулгардаг талаар төдийлөн мэдэхгүй болов уу. 2016 онд УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт МАН-аас Д. Сарангэрэл гэж эмэгтэй нэр дэвшиж, манай хорооны сонгогчидтой уулзахдаа Биокомбинатад бүтээн байгуулалт хамтдаа хийнэ, та бүхэн маань надад туслаарай гэж хэлэхэд нь ний нуугүй хэлэхэд эргэлзэж л байлаа. Өмнө нь олон ч хүн ирж амлаад л явдаг, бүтсэн нь ховор болохоор нэг их итгэл төрөөгүй. Харин Д. Сарангэрэл гишүүнээр сонгогдоод энэ амлалтдаа хүрсэн шүү. Энд бий болж байгаа бүтээн байгуулалтыг нүдээр харж, биеэр мэдэрч яваа хүний хувьд сэтгэгдэл тун давгүй. Юуны өмнө гишүүн маань автобусны буудлыг шуурхай шийдэж, 2 буудлын хооронд 3 буудал нэмж бариулахаас гадна замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулаг мөн хийлгүүлсэн. Манай хорооны Өлийн ам, Таван толгой, Баяжихын хонхор, Сонгинын 29 дүгээр гудамжны айлууд цахилгаангүй байсныг шуурхай шийдэж өгсөн. Хабитатын цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж, Туулын 5 дугаар гудамжны айлууд 1960-аад оны үеийн модон шонтой, шон нь унах нь унаж, цахилгааны утас нь муудсан байсан. Оршин суугчид хүсэлт тавьсан даруй бүгдийг нь бетонон шонтой болгох ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж, айл бүрийн гэрт байсан тоолуурыг гадна талдаа нэгдсэн шийттэй болгосон. Манай хорооныхон дээрээс ирсэн хүн болгонд л гүүрийг шинэчлэх хүсэлт тавьдаг байлаа. Энэ гүүр чинь 60-аад жилийн нүүр үзэж хуучирсан эд. Тээр хол хэрнээ л манай энд гүүрэн дээр явж байгаа машины чимээ хүртэл таг таг гээд сонсогддог, томхон машин гүүрээр явбал унах эрсдэлтэй ийм хүнд байдалд байлаа. Одоо шинэ гүүртэй болчихоор айж эмээлгүйгээр явж байна. Ер нь сүүлийн 4 жилд өрнөсөн ажлыг дүгнэж үзвэл өнгөрсөн 43 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ 4 жилд хийсэн бодож байгаа. Биокомбинатын 6000 гаруй хүний өдөр тутмын амьдралд эдгээр бүтээн байгуулалт их хувь нэмэр оруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна