Дэлхий даяар тархаж буй Коронавируст халдвар (COVID-19) хаалга тогшиж байгаа энэ үед ЭМЯ, ЭМХТ, ЭХЭМҮТ, USAIDMongolia, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хүүхдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” сэдэвт онол-практик хосолсон сургалтыг 5 сарын 13-аас эхлэн 5 дахь удаагаа зохион байгуулж байна.
Сургалтыг нээж УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМСайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох мэргэжилтнүүд уригдан оролцож, сургалтын ач холбогдол, цаг үеэ олсон сургалт болохыг цохон тэмдэглэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Коронавируст халдвар(COVID-19) тархсан үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг чадавхижуулах, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаагийн тод жишээ нь энэхүү 5 удаагийн сургалт болж байна.
Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлтийн зөвлөмж, журмын дагуу гар халдваргүйжүүлэх, биеийн халууныг хэмжих, амны хаалт зүүх, өрөө тасалгааны агааржуулалт тогтмол хийж, оролцогч хоорондын зайг 1-2 метр байх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж нэг удаагийн сургалтыг 40 оролцогчидтой байхаар зохион байгуулж байна.
Сургалтад оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүүхэд амьсгалын дутагдлаар хүндрэх, амь тэнссэн үеийн хүчилтөрөгч эмчилгээ, сэхээн амьдруулалт, эрчимт эмчилгээ, амьсгалыг аппаратаар тэтгэн дэмжихээс эхлээд бүрэн орлуулах хүртэлх эмчилгээ, аппаратын амьсгалтай байгаа хүүхдийн асаргаа, сувилгаа, хяналт, ажиглалт хийх зэргээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна.
Сургалтад ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, ТЗНЭ, ЦТЭ, ТТАХНЭ, БОЭТ, Аймгийн нэгдсэн эмнэлгүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн 200 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.
Тус сургалтыг зохион байгуулахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ЭМЯ, ЭМХТ, ЭХЭМҮТ, USAID Mongolia, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна