Гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлт гурван нислэг үйлдэнэ

ALs
2020 оны 7-р сарын 18 -нд

Улсын онцгой комиссоос долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1,  БНСУ руу шууд 1, транзит нислэг нэгийг нэмж үйлдэхээр болжээ.

Ингэснээр нийт 690 иргэнээ эх оронд нь авчирж, долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм байна.

УОК-оос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаараа мэдээлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна.

Хүсэлт гаргасан иргэдийн

  • 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,
  • 740 өвчний магадлагаатай,
  • 797 нь өндөр настан,
  • 240 гаруй нь жирэмсэн,
  • 1553 нь оюутан,
  • 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч,
  • 13 нь хүүхэд 
  • бусад 4300 гаруй иргэн байна.

УОК-иос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлэх юм байна.

Тусгаарлах байрыг нэмэгдүүлэхээр нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байгаа аж.

Мөн Олон улсын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ.  Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ гэв.

ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨМЖИЙГ ҮНДЭСЛЭН ТУСГААРЛАЛТЫН 21 ХОНОГИЙГ БУУРУУЛААГҮЙ

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсын иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.  Захиалгат нислэгт эхний ээлжинд багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөөлд орсон иргэдийг хамруулж байна.

УОК, УОК-ын Шуурхай штабаас гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа ч дотооддоо халдвар тархаах эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, иргэдийн гомдол, цахим орчинд тархааж буй мэдээллийг нягталсны үндсэн дээр, эрдэмтэн судлаачид, ОУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, тусгаарлах 21 хоногийг бууруулахгүйгээр шийдвэрлэжээ.

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.  Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах  аж.  Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боломжтой.

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР ШИНЖИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА

Тусгаарлалтад байгаа иргэдээс цахим хуудсаар дамжуулж, албан бусаар гаргаж буй зарим гомдолд Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн дараах тайлбар өглөө.

Тусгаарлалтад байгаа иргэдэд удаан хугацаагаар шинжилгээ хийхгүй байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын тандалт судалгаанд үндэслэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, КОВИД19 вирусын илрэх шинж, шатлалт хугацаанд тулгуурлан  хийгдэж буй ажил гэдгийг онцолсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.154
    2020 оны 7-р сарын 18 -нд

    Irgedee tatan avah uil yavts mash sain bnaa. Shadar said UOKt talarhlaa

    Хариулах
  • 59.153.114.187
    2020 оны 7-р сарын 18 -нд

    UOK bolon shadar said maani sain ajillaj bgaa shuu. Tsaashid ene ercheeree ajillaarai. Ajild ni amjilt husey.

    Хариулах
  • 122.201.21.135
    2020 оны 7-р сарын 18 -нд

    Zuv shiidver bn. Irgedee tatah ajillagaag turgen shuurhai hj bgd shadar said, UOK-t talarhal ilerhiilie

    Хариулах