“Яараад яахав дээ-2” нөлөөллийн аян эхэллээ

ALs
2020 оны 7-р сарын 22 -нд

Зун, намрын амралт, аялал зугаалгын цагаар харьцангуй нэмэгддэг хот, хөдөөгийн замын хөдөлгөөнийг зохицуулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилготой “Яараад яахав дээ-2” аян улс орон даяар эхэллээ. Өнгөрсөн жилд  Цагдаагийн газраас санаачлан өрнүүлсэн уг аян  нь үр дүнгээ өгч, замын осол аваар тодорхой хэмжээнд буурч, ард иргэдийн анхаарал, болгоомж дээшилсэн тул аяны хоёрдугаар ээлжийн үйл ажиллагааг энэ оны 7 сарын 1-нээс 10 сарын 15-ныг хүртэл дахин зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцогч ард иргэдийн дунд “Яараад яахав дээ” аяны нөлөөлөл өндөр үр дүнгээ өгч, осол аваарийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан дүнтэй байна.

     “Яараад яахав дээ-2” аяны хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтэс, Орхон аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран хот  үйлдвэрийн дүүрэг болон аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн хөдөлгөөнд хяналт шалгалт тогтмол зохион байгуулж байна. Тээврийн хэрэгслийн жолооч нарт зам тээврийн хөдөлгөөний дүрэм, журам сурталчлах, хэвлэмэл гарын авлага, зурагт хуудас болон гар утсанд зурвас сэрэмжлүүлэг илгээх зэрэг соён гэгээрүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлж буй аж. Тус цагдаагийн хэлтсийн ажилтнууд өдөр бүр Эрдэнэт хотын замын гурван постод уртасгасан цагаар хяналт тавьж, аяны нэгдсэн арга хэмжээг үргэлжлүүлж байна гэж Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, дэслэгч А.Батболд ярилаа.

М.Балжинням



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна