УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг шүүхэд албадан ирүүлж, цагдан хорих шийдвэр гаргажээ

ALs
2020 оны 7-р сарын 31 -нд

УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр дамжуулан зээл авсан Д.Дамба-Очирыг шүүхэд албадан ирүүлэх шийдвэр гарчээ.

Тодруулбал, 2020 оны долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй тул шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Түүнчлэн шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна