Хоёр сарын хугацаанд 160 мянган тонн улаан буудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлжээ

ALs
2020 оны 8-р сарын 10 -нд

Коронавируст халдварын цар тахалтай холбоотой Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай таван хууль, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын хоёр тогтоол батлагдсан.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 09-ны өдрийн хуулиар 2020 оны дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160 мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна.

Мөн хуулиар хаврын тариалалтад шаардагдах 15 мянган тонн улаан буудайн элит үрийг татвараас чөлөөлсөн бөгөөд татварын чөлөөлөлт дөрөвдүгээр сарын 19-өөс зургаадугаар сарын 30-ныг хүртэл мөрдөгдсөн аж.

Цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн хуулийн мөрдөгдөх хугацаа аравдугаар сарын 1-нд дуусна.

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу нөөц бүрдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүнийг импортлоход, дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах түүхий эд, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн ба хуулийн мөрдөгдөх хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дуусах аж.

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж хэрэгжүүлсэн төслүүд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах төсөл -  2,61 тэрбум төгрөг
  • Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл -  11,1 тэрбум төгрөг
  • Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл -  5 тэрбум төгрөг

2019 оны татварын чөлөөлтийн дүн:

  • НӨАТ-ын чөлөөлөлт - 135,1 тэрбум төгрөг
  • Гаалийн албан татварын чөлөөлөлт - 59,8 тэрбум төгрөг
  • Орлогын албан татварын чөлөөлөлт - 30,1 тэрбум төгрөг

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна