БНСУ-д наймдугаар сар гарснаас хойш орсон аадар борооны улмаас гол мөрөн үерлэж, хөрсний гулгаа үүсч, 31 хүн амиа алджээ.
Энэ тухай Өмнөд Солонгосын байгалийн гамшиг, ослын асуудал эрхэлсэн төв хорооноос өчигдөр мэдээллэсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд, Хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн амь насаа алдаж, 11 хот, мужийн 7000 орчим иргэн орон гэрээ орхихоос өөр аргагүй болж, 3400 иргэн түр орогнох байранд толгой хоргодож байгаа гэнэ.
Гамшгийн үеэр 14 мянга орчим орон сууцны болон нийтийн барилга, 4300 орчим гүүр, зам эвдэрчээ. Мөн 25 мянга га хөдөө аж ахуйн эдэлбэр газар усанд автаж, төмөр замын зарим хөдөлгөөнийг түр зогсоосон байна.
Солонгосын хойгт “Чанми” хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор ойрын үед аадар бороо улам нэмэгдэх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулсан байна.
Өнөөдөр аюулт хар салхи Чэжү аралд ойртон ирсэн бол удалгүй улсын өмнөд эрэгт хүрэх юм байна. Энэ үед 80-250 мм-ийн хур тунадас унах төлөвтэй байгааг анхааруулжээ.
Нийтэлсэн: Mонголын радио
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна