Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашааг МҮИС нурааж, барилгын ажил эхлүүлснийг тус төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд эсэргүүцэн, олон нийтийн сүлжээгээр мэдээлж байсан. Энэ асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар ЭХЭМҮТ-д ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нөхцөл байдалтай танилцсаны дүнд хууль зөрчиж газар сунгасныг өнөөдрийн дотор шүүхээр цуцлуулан зогсоохыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.
Энд дуулгахад, наймдугаар сарын наймны өдөр МҮИС ЭХЭМҮТ-ийн хашааг 2 метр хэмжээтэй нураан барилга өргөтгөх ажлыг эхлүүлжээ. Энэ газар 2013 онд тендерээр ЭХЭМҮТ-ийн өмч болсон юм. Улмаар ЭХЭМҮТ наймдугаар сарын 10-ны өдөр хэмжилтийн компанид хандан хэмжилт хийлгэсэн бөгөөд улмаар "МҮИС анхнаасаа барилга барихдаа 4,8 га газар хэтрүүлэн барьж, ЭХЭМҮТ-ийн өмчид халдсан" гэдэг нь тогтоогдсон байна.
Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудалд шалгалт хийхэд ЭХЭМҮТ-д харьяалагдах газар руу 8 метр газар орсон бөгөөд хуучин хэвэнд нь оруулж, засварлах албан даалгаврыг өнөөдөр өгөхөөр төлөвлөж байгаа аж. Хугацаатай албан даалгаврыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээг авна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэгдлээ.
Э.Үүрийнцолмон
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна