С.АМАРМАНДАХ:ЖИРЭМСЭН ҮЕД ЭМ ГЭЛТГҮЙ ВИТАМИНЫГ Ч ЭМЧИЙН ЗААВРААР УУХ ЁСТОЙ

ALs
2020 оны 8-р сарын 14 -нд

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч С.Амармандах жирэмсэн үеийн эмийн хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө.

Ибупрофений төрлийн эмийг олон удаа уувал ургийн усыг ширгээж, улмаар хүүхэд бүтэх аюултай

Жирэмсний эхний 17 хоногт урагт гажиг үүсэх, үр хөврөл амьдрах чадваргүй болох буюу зулбах эрсдэл нүүрлэж байдаг. Тийм учраас энэ хугацаанд эмийн хэрэглээндээ хяналт тавьж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм. Жирэмсний үеийн эмийн нөлөө:

  • Сүрьеэний эмчилгээний үед хэрэглэдэг стратомицин эм нь хүүхдийн сонсголд нөлөөлж, сонсголгүй болоход нөлөөлдөг
  • Септрин буюу бисептол, трехабол зэрэг эмнүүд нь урагт гажиг үүсэх
  • Өвдөлт намдаах эмүүд болох ибупрофен зэрэг өвчин намдаалт төрлийн эм нь ургийн усыг ширгээдэг учраас эхний гурван сард хэрэглэхэд зохимжгүй.

Ибупрофений төрлийн эмийг олон удаа уувал ургийн усыг ширгээж, улмаар хүүхэд бүтэх аюултай. CLICK TO TWEET

  • Мансууруулах нөлөөтэй, сэтгэцэд нөлөөт эм нь урагт шууд хортой нөлөө үзүүлдэг.

Харин жирэмсний эрт үеийн хордлогын үеийн дотор муухайрах, огих шинж тэмдэг дардаг эмийг 5-аас илүүгүй хоног хэрэглэхэд хор нөлөөгүй.  Мөн  элэгний В вирусын эсрэг эмийг жирэмсний үед хэрэглэх нь ямар нэгэн гаж нөлөөгүй аж.

Жирэмслэхээс өмнө өөрөө эрүүлжиж байж эмийн хэрэглээнээс татгалзаж чадна

Жирэмсний үед антибиотик, эмийн хэрэглээнээс татгалзахын тулд жирэмслэхээс өмнө өөрөө бүрэн эрүүлжихийг С.Амармандах эмч нийт эмэгтэйчүүдэд зөвлөж байна.

Тэрбээр “Төрөх насны эмэгтэйчүүдийн суурь өвчлөл нэмэгдэж байна. 1980-аад онд төрөх насны эмэгтэйчүүдийн 25 хувь нь суурь өвчлөлтэй байсан бол 2020 онд гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Жирэмсний үед хүндрэл үзүүлж байгаа эхчүүдийн 75 хувь нь архаг өвчтэй.

Эхчүүд маань өөрсдөө бүрэн эрүүлжилж байж жирэмсэлвэл жирэмсний үеийн эрсдэлүүдээс өөрийгөө болоод хүүхдээ хамгаалж чадна” гэлээ.

Жирэмсний эхэн үед санамсаргүйгээр эрсдэлт бүлэгт багтах эм хэрэглэсэн бол 13 дахь долоон хоногтойгоос эхлэн ургийн гажиг илрүүлэх эхо, шинжилгээнд орох хэрэгтэй гэв.

Нэмэлт витаминыг ч эмчийн заавраар уух хэрэгтэй

Антибиотик, өвчин намдаах эмнээс гадна эхчүүд цахим орчинд харсан зүйлдээ итгэн төрөл бүрийн нэмэлт витаминыг авч уудаг. Тэгвэл сайн гэсэн болгоныг уухгүй, уухаасаа өмнө хяналтын эмчдээ заавал мэдэгдэх хэрэгтэй аж. Хэрэв ураг эрүүл бойжиж байвал заавал нэмэлт витамин уух шаардлагагүй. CLICK TO TWEET

Олон төрлийн витаминыг хамт ууснаар, зарим төрлийн витамины ихдэлт болж, хүүхдийн жинг байх ёстойгоос нь нэмэгдүүлж, улмаар хийсвэрээр төрөхөд хүргэдэг талаар С.Амармандах эмч анхааруулж байна.

Эхний гурван сард фолийн хүчлийг, харин 27 долоо хоногоос дээш хугацаанд төмрийн бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна