МЭДЭГДЭЛ

ALs
2020 оны 8-р сарын 19 -нд

  Cүүлийн үед өрнөөд байгаа “Эрэл” ХХК болон “Номин холдинг” компанитай холбоотой үйл явцын тухайд тус компанийн зүгээс Шүүхийн хараат бус бие даасан байдалд итгэж, шударга шийдвэр гарна гэдэгт эргэлзэхгүй байсан учраас өдийг хүртэл анхааралтай ажиглаж байсан билээ. Илт худал мэдүүлгийг үндэслэсэн итгэмээргүй шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлж тус компанийн зүгээс мэдэгдэл гаргахад хүрлээ. Үүссэн асуудлын тухайд, анх “Номин холдинг” компанийн захирал Ш. Баярсайхан нь “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан  “Ариг банк” болон “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт  хөрөнгө оруулж албан ёсоор хувьцаа эзэмшигч болох хүсэлтээ өөрийн биеэр ирж уулзан санал тавьсан байдаг. Ийнхүү хоёр тал зөвшилцөн “Эрэл” компанийн зүгээс “Номин холдинг” компанид “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1)-д хөрөнгө оруулах, үүний дараа Ариг банкинд хувь эзэмших эрх нээлттэй гэсэн саналыг тавьж тохиролцсоны дагуу 2016 оны 11 сарын 29-нд хоёр тал гарын үсэг зурж тамга дарсан гэрээг албан ёсоор үзэглэсэн. Товчдоо, “Номин холдинг” ХХК болон “Эрэл” ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээгээр бие даасан компани байгуулахгүйгээр “БҮК-1” үйлдвэрийг ашиглалтад оруулж ашиг олох зорилготой, цаашдийн хэтийн хөгжлөөс хамаарч хөрөнгө татах эсэхээ дараа нь шийдвэрлэхээр тохиролцсон байдаг. 2017.12.15-ны өдөр “БҮК-1” ашиглалтанд орсноор маш бага өртгөөр байшин хорооллууд сүндэрлэж, улс орны ирээдүйд үнэхээр том дэвшил авчрах, утаа хөрсний бохирдол улиг болсон олон асуудлаас ангижрах олон олон боломж бүрдэж байгаа юм. Энэ мэдээж Монголын ард түмэнд ашигтай харин нам дамжсан бизнес бүлэглэлийн хувьд монопол зах зээлд нь маш том саад болох учраас энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах захиалга хэдэн засаг дамжин гацсан. Монгол улсын Засгийн газар Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд жил бүр 5000 айлын орон сууц, түүнийг дагасан сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хүргэдэг байшин барилгаас 150,000 м.кв захиалах баталгаа гаргаж өгснөөр уг төсөл анх эхэлсэн, төслийн зээлийг Хөгжлийн банк олгох болсон үндсэн нөхцөл байсан.   Гэтэл “БҮК-1” үйлдвэр ашиглалтад орж 2018 он, 2019 онуудад МУЗГазраас захиалгаа өгч, урьд гаргасан баталгаагаар хэрэгжүүлэх, хамтран ажиллахаар ажлын хэсэг гаргаж, төр хувийн хэвшлийн түншлэл бий болгох олон хувилбараар хэлэлцээр хийсэн боловч харамсалтай нь бодит үр дүнд, шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Ийнхүү Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийн хамтран ажиллах хэлэлцээр удсан нь хөрөнгө оруулж, ашиг хуваахаар тохиролцсон компанийн хувьд хохиролтой нь ойлгомжтой, нэг үгээр хэлбэл  Ш.Баярсайхан нь гэрээнээсээ татгалзаж Иргэний шүүхэд нэхэмжлэл, Эрүүгийн цагдаад гомдол гаргасан байдаг. Ингэснээр компани хоорондын маргаан  шүүхийн шатанд хүртлээ даамжирсан. Ном ёсоор бол энэ маргаан хөрөнгө оруулалтаа буцаан татах тухайд үүссэн маргаан байсан. Эхэндээ түүний цагдаад өгсөн өргөдлийн агуулга ч ийм утгатай байдаг. Компани хоорондын гэрээний маргаан Иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх байсан атал Иргэний хэргийн маргааныг Эрүүгийн хэрэг болгон өөрчлүүлэхийн тулд, тэрээр Ариг банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг Эрэл компани нь “БҮК-1”-д ашигласан залилан болгож зохиомол хэрэг үүсгэснээр эхэлдэг. Гэтэл хоёр тал тохиролцоод албан ёсоор зурагдсан гэрээнд заагдсан нөхцлийн дагуу үйл ажиллагаа явагдаж ирсэн, өөрөө ч энэ тухайгаа “БҮК-1” үйлдвэрийн нээлтийн үеэр МҮОНТ-ээр өгсөн ярилцлагадаа“Номин холдинг” ХХК тус үйлдвэрт 20 хувийн хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тус үйлдвэрийг байгуулсан, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Үйлдвэрлэлийн онцлог үр ашгийн талаар маш тодорхой ярьсан бичлэг нь байгаа зэргээс  бодит хөдөлшгүй үнэнийг харж болно. Дээр дурдсанчлан Ш.Баярсайхан нь “БҮК-1”-д өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийсэн атлаа хөрөнгө оруулалт хийсэн үйлдлээ тайлбарлахдаа “ХОВСДУУЛСАН” гэх мэдүүлгийг хуулийн байгууллагад өгсөн. Тэрээр “Би БҮК-1-т хөрөнгө оруулаагүй, миний “Ариг банк” ХХК-д оруулсан мөнгийг “БҮК-1”-д оруулж намайг залилсан” гэх мэдүүлгийг нь шүүх үндэслэн бодит гэрээ болон түүний ярьсан бичлэг бусад бүх нотлох баримтыг нэгийг ч авч үзэлгүйгээр хэт нэг талыг барин шийдвэрлэсэн явдалд бид туйлын их харамсаж байна. Түүний санаархал улайрсан шуналын шинжтэй болж илт ташаа мэдүүлэг өгч шүүх хурал дээр “БҮК-1 гэж одоо л сонсож байна” гэж зогссоныг нь тайлбарлах үг олдохгүй бөгөөд түүний эцсийн зорилго Ариг банкны 67 хувийг эзэмших шунал улаан цагаандаа гарчээ. Үүнийг шүүх байгууллага үнэн шударга гэж үзэж байгааг бүүр ойлгох арга алга. Шүүх байгууллагын зүгээс ийнхүү нотлох баримт хангалттай байсаар атал нотлох баримтуудыг нягтлан авч үзэхгүйгээр зөвхөн Ш.Баярсайханы аман яриагаар мэдүүлсэнээр л хэргийг шийдвэрлэж, Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял ногдуулсан явдал нь анхнаасаа энэ хэргийг нэг талд шийдвэрлүүлэх илэрхий зохион байгуулалттай, хууль бус ажиллагаа болсон гэж үзэн  бид энэхүү мэдэгдлийг хийж байна. Өнөөдөр Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, эх оронч, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ эсрэг ийнхүү шийдвэр гаргаж байгаа явдал нь Монгол Улсын цаашдын урт хугацааны хөгжилд сөргөөр нөлөөлж, хийж бүтээж буй нэгний зоригийг мохоох үйлдэл юм. Хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар эргүүлж, бусдын олон жилийн нөр их хөдөлмөрөөр бүтээн босгосон эд хөрөнгөнд шунаж, улмаар хууль шүүхийн байгууллагаар далайлган сүрдүүлж дээрэмдэх ажиллагаа явагдаж байна. Хоёр компанийн хоорондох маргааныг нэг талд нь шийдсэн явдал нь манай хамт олны хэвийн үйл ажиллагаанд асар том гарз хохирол учруулж байна. Бид Монгол Улсын иргэнийхээ хувьд хууль ёс, шударга ёс байдаг гэдэгт, Шүүхийн шийдвэр бодит үнэн баримтад тулгуурлан, ул үндэстэй гардаг гэдэгт эргэлзэхэд хүрч байна. “Эрэл” ХХК нь 1994 онд СОТ-2 буюу “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (407 тоот эрхийн гэрчилгээ)-ийг дуудлага худалдаагаар авч, өнөөг хүртэл зориулалтынх нь дагуу, нэр төртэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.  2013 онд Нийслэл хотын Засаг дарга, ИТХ дарга нар “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр батлах тухай”  УИХ-ийн Дугаар-36 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрэл” ХХК-ийг  “БҮК-1” үйлдвэрийг шинэчлэх, улмаар гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлэхээр урьсан билээ. Гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэх УИХ, ЗГ, Нийслэлийн ЗДТГ-ийн зүгээс удаа дараа гаргасан тогтоол хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй ажлынх нь төлөө, “Эрэл” ХХК түүний хамт олон уг төсөл рүү ханцуй шамлан орсных нь төлөө, төслийн үлдэх санхүүжилтийг олгоогүйн төлөө, Энэ байдлаас улбаатай хөрөнгө оруулагч хөрөнгөө буцаан татаж, гэрээнээс татгалзсанаар эхэлсэн маргаан эцэстээ хамтарч зүтгэсэн нэгнээ гүтгэн хилсээр хэлмэгдүүлж байгаад гүнээ харамсаж байна. 2013-2017 оны хооронд тус үйлдвэрийн шинэчлэлд “Эрэл” ХХК өөрийн хөрөнгөнөөс 134 тэрбум төгрөг, Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс 132 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Герман улсын ЭБАВЭ үйлдвэрийн технологийг Монголынхоо эрс тэс цаг уур, газар хөдлөлтийн балл зэрэг онцлогуудад тохируулан, тусгайлан захилага өгч, Монголынхоо хөрсөнд нутагшуулан үйлдвэрт технологийн иж бүрэн шинэчлэл хийсэн. “Эрэл” ХХК нь хөрөнгийн болон бизнесийн үнэлгээгээ хийлгэж, олон улсын байгуулагын аудитын байгууллагаар баталгааждаг. Нийт хөрөнгийн 36 хувьтай тэнцэх урт болон богино хугацаат өр төлбөр (үүнд Хөгжлийн банкны зээл)  байгаа нь компани хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтойг харуулж байна. “Эрэл” ХХК-ийн хамт олон болон Нийтлэг эрх ашгийн төлөө Нийслэл хотод тулгарч буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх стратегийн ач холбогдол бүхий төслийн үр дүнг цаг хугацааны эрхээр зөв байсан гэдгийг батлах, манай ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбатыг гэм буруугүй болох нь тогтоогдох үе ирнэ гэдэгт, Монгол улсын Шүүх байгууллага бүх шатандаа хуулийг дээдлэх зарчмаа алдаагүй гэдэгт бид бүхэн итгэж байна. Бидний хамт олон иргэдээ орчин үеийн Европын стандартаар маш дэвшилтэт шийдэлтэй орон сууцаар хангах, үнийн хувьд хамгийн боломжит хямд өртгийг санал болгох, тав тухтай орчин бүрдүүлэх агаар, ус болон хөрсний бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулан улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн, цаашдаа ч энэ зарчмаар улам идэвхтэй ажиллах болно.   ЭРЭЛ ХХК-ИЙН ХАМТ ОЛОН  (Холбогдох албан тоот материалуудыг хавсаргав)

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.169.162
    2020 оны 8-р сарын 31 -нд

    Эрдэнэбатын ЭРЭЛ компани маш олон иргэдийг хохироож чанаргүй барилга барьж ард иргэдийг зовоосондоо, тэр улсаас авсан зээл нтрээ төлөөчээ, хүнээс мөнгө авсан бол буцааж өгөөчээ ямар ичдэггүй юм бэ

    Хариулах