Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт хотод ажиллалаа

ALs
2020 оны 8-р сарын 24 -нд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.  

Дөрвөн жил царцаад байсан 1а хорооллын дэд бүтцийг  Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэр шийдэж 12.5  тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Ингэснээр өнгөрөгч 7-р сараас барилгын ажлыг эхлүүлэн, шугам сүлжээний ажлыг “Химон” констракшн ХХК  гүйцэтгэж байгаа тухай аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад хэллээ.  

 

     Эрдэнэт хотын анхны сургууль болох 1-р сургуулийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.  Немон констракш ХХК уг барилга угсралтын ажлыг эхлүүлсэн боловч барилгын ажлын зурагт тусгагдаагүй нэмэлт ажлууд хийгдэх болжээ. Иймээс санхүүжилт нэмүүлэх шаардлагатай байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд  Ерөнхий сайдад мэдээллээ. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа дээрх ажилд шаардлагатай санхүүжилтийг ирэх жилийн төсөвт суулгахаар болсон байна. 

 

     Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр баригдаж байгаа  Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгээр  Ерөнхий сайд орлоо. Эрдэнэт хотын хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн, өдөртөө 1000 гаруй хүн ирдэг болсон, үнэхээр сайхан бүтээн байгуулалт болж байгаа талаар Цэцэрлэгт хүрээлэнгийн  бүтээн байгуулалтын ажлын хэсгийнхэн ярьж байна.   Энэ үеэр залуу хосуудын хурим таарч  Ерөнхий сайд өнөр өтгөн сайхан  айл болохыг билэгдэн гарын бэлгээ гардуулан өглөө.

 

     Ийнхүү Эрдэнэт хотод хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг үзэж, сонирхон ажилд нь амжилт хүссэнээр Ерөнхий сайдын Эрдэнэт хотод ажилласан томилолт өндөрлөлөө.

А.Бямбамаа

Фото: Ш.Лхамсүрэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна