Их Британийн Нэгдсэн Вант улсаас олгодог Chevening тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, ирэх есдүгээр сард Sussex-ийн Их сургуульд Мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар явах гэж буй тэрээр мэдээллийн технологийн салбарт 16 жил ажиллажээ.
Эрдмийн их аялалд гарахаас өмнө яг одоогоор түүний хийж буй ажил гэвэл Төрийн албаны зөвлөл, Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн “Маргаан хянан шалгахтай холбоотой өргөдөл гомдлын цахим системийн загварыг гаргах” ажил юм. Төрийн байгууллагын өргөдөл, гомдол цахим хэлбэрт шилжсэнээр ямар үр дүн авчрах, Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагуудад ирэх жилүүдэд хийгдэх цахим шилжилтийн талаар түүнтэй ярилцлаа
Та өмнө нь мэдээлэл технологийн чиглэлээр төрийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай , ямар байгууллагуудад ажиллаж байсан бэ, өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаа
Би ажлын гараагаа Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд Мэдээллийн сангийн эрхлэгч гэдэг албан тушаалд ажилласан. Түүний дараагаар хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудад энэ чиглэлээрээ ажиллаж байна. Би математик загварчлалын мэргэжилтэй. Хэрэглээний математик талдаа түүн дотроо мэдээллийн систем, мэдээллийн технологи тал дээр мэргэшин ажилладаг.
Төрийн албанд цахим шилжилтийг хийх ажил өрнөж эхэллээ. Инноваци, цахим бодлогын байнгын хороо байгуулагдаж, ЗГ-ын зүгээс ирэх жилүүдэд төрийн албаны цахим шилжилтийг хийх ажилд онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн. Мэргэжилтний хувьд энэ шилжилтийн гол үр дүнг та хэрхэн тодорхойлж харж байна вэ?
Ер нь цахим шилжилтийн үр дүнд төрийн алба цомхон, чадварлаг хүний нөөцтэй болно. Хүний гар ажиллагаагаар хийгдэж буй автоматжуулж болох ажлыг аль болох нь цахимжуулахыг зорих хэрэгтэй. Мөн хиймэл оюун ухаан дээр суурилсан бүтээгдэхүүнийг манай мэдээллийн технологийн компаниуд гаргаад эхэлсэн. Жишээлбэл, хүний яриаг текст рүү хөгжүүлсэн “Чимэгэ” системийг зарим төрийн байгууллагууд ашиглаж эхэлсэн. Жишээлбэл, одоогоор миний Төрийн албаны зөвлөлд хийж буй өргөдөл гомдол, албан хэрэг хөтлөхтэй холбоотой системийг яаж энэхүү системтэйгээ уялдуулах вэ гэдэг тал дээр ажиллаж байна. Төрийн албаны зөвлөл дээр ирсэн албан бичгүүдийг цохолт хийгээд, удирдлагын заалт, урт хурлуудаар үргэлжилдэг. Тэрхүү хурлын тэмдэглэлийг нэг хүн шивээд протокол бичин цаас болгох гээд суудаг байсан. Тэгвэл энэхүү “Чимэгэ” системийг Төрийн албаны зөвлөл хуралдаандаа нэвтрүүлээд эхэллээ. Энэ мэтчилэн шийдлүүдийг нэвтрүүлээд эхлэх тусам ажиллаж байгаа хүмүүсийн ачаалал буурна. Үр ашиггүй цагийн зарцуулалт буураад ирэхээр төрийн албаны чанартай үйлчилгээ иргэдэд хүрэх боломж бүрдэх юм.
Та одоог хийж буй энэхүү өргөдөл, гомдлын цахимжуулах ажил иргэдэд ямар бодитой үр дүнг авчрах юм бэ?
Төрийн албаны зөвлөлийн албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдол, маргаан шийдвэрлэж байгаа үйл явцын загварыг судлаад энэ үйл явцыг яаж илүү шуурхай, үр дүнтэй болгох вэ гэдэг тал дээр технологийн дэвшилтэт шийдлүүдийг тодорхойлох ажил юм. Одоогоор энэ ажил дуусах шатандаа ороод явж байна. Ажлын үр дүнд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны өргөдөл гомдол шийдвэрлэх үйл явц, албан хэрэг хөтлөлт нь илүү шуурхай болно. Ингэснээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ түргэн, чанартай болох боломж бүрдэх юм. Хэн нэгэн иргэн Төрийн албаны зөвлөлд өргөдөл гомдол шийдвэрлүүлэхээр өгөхөд ямар албан тушаалтан дээр ямар шатандаа шийдвэрлэгдэж байна вэ гэдэг үйл явцыг тухайн иргэн цахимаар харах, хянах боломжтой болохоороо ил тод байдлыг сайжруулах ач холбогдолтой ажил юм.
Та төрийн захиргааны болон төрийн тусгай байгууллагуудад мэдээллийн технологийн чиглэлээр 16 жил ажилласан хүний хувьд Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын IT-гийн нөхцөл байдал ямар байдгийг мэдэх хүмүүсийн нэг мөн байна. Нөхцөл байдал ямар байна вэ?
Би 2005 оноос хойш төрийн байгууллагад ажилласан. Нөхцөл байдал мэдээж одоогийнхоос маш өөр байсан. Төрийн албан хаагчид 2-3 хүн дундаа нэг компьютертой түүн дээрээ ээлжилж ажилладаг тохиолдол ч байсан. Ямар нэгэн мэдээллийн системтэй, түүгээрээ өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулдаг байгууллага хуруу дарам цөөхөн байлаа. Одоо бол иргэд ямар нэгэн байгууллага дээр очилгүй 30 гаруй төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авч байна. Мэдээж цахимжсан байдал хангалттай гэж хэлэхгүй. Энэ тал дээр төрөөс баталсан бодлогын баримт бичгүүд бий. Жишээлбэл, 2011 онд цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар иргэн өөрийгөө мөн эсэхийг батлахын тулд ямар нэгэн цаасан дээр гарын үсэг зурж бичиг, цаас дамжуулалгүйгээр цахим хэлбэрээр батлах боломжтой болсон. Цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэх, сайжруулах илүү олон үйлчилгээг цахим гарын үсгийн тусламжтайгаар авдаг болох чиглэлээр манай төрийн байгууллагууд, ЗГХЭГ болон Мэдээлэл, технологи, харилцаа холбооны газар ажиллаж байна.
Юутай ч 2005 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар төрийн байгууллага бүр өөр хоорондоо харилцах уялдаатай ажиллах мэдээллийн системтэй, мэдээллийн сангуудтай болсон. Үүний дараагаар хийгдэх ажил бол байгууллага хооронд мэдээллээ солилцдог байх шаардлагатай. Төрийн байгууллагуудын мэдээлэл хоорондоо чөлөөтэй урсдаг систем рүү шилжээд эхлэх юм бол байгууллага хоорондын уялдаа холбоо сайжрахаас гадна мэдээллийн аюулгүй байдал ч сайжирна. Одоогоор бол нэг мэдээллийг нэг байгууллага бүртгэхэд, өөр байгууллага тэр мэдээллийг өөр янзаар бүртгээд тэрхүү хоёр мэдээллийн хооронд зөрүү гарах тохиолдол бий. Тиймээс аль мэдээлэл нь үнэн бодитой, сүүлчийн мэдээлэл вэ гэдэг дээр ойлголтын зөрүүгээ арилгах шаардлагатай. Энэ асуудлыг Цахим засаглалын суурь элемент гэж үздэг. Цахим засаглалын хүрээнд манай улсад цөөнгүй ажлууд хийгдэж байгаагийн нэг нь Төрийн мэдээллийн ХУР систем юм. Энэ системээр дамжуулаад төрийн байгууллага хооронд мэдээллийг дамжуулах дэд бүтцийг бий болгоод нэлээд эрчимтэй ажиллаж байна. Мөн ДАН систем гэж бий. Энэ бол иргэний нэвтрэлт, танилт хийх систем. Энэ нь иргэн нэг бүртгэлээрээ бүх төрийн байгууллагаас үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Ингээд яривал миний ажилд орж байсан 2005 онтой харьцуулахад төрийн байгууллагын цахим шилжилтийн үйл явц өнөөдрийг хүртэл мэдэгдэхүйц сайжирсан.
Цаашид үүнийг илүү сайжруулах, мэдээлэл солилцоог нь хялбарчлах, илүү олон төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авдаг болох шаардлагууд бий.
-Цахим шилжилт нь хүмүүсийн хандлага, соёлын өөрчлөлт юм-
Тэгвэл яг одоогоор төрийн байгууллагуудад хийгдэж буй цахим шилжилт, өөрчлөлтүүд танд хэрхэн мэдрэгдэж, анзаарагдаж байна вэ? Таны ажиллаж байгаа төсөл хэрэгжих Төрийн албаны зөвлөлд жишээлбэл цахим шилжилт хийгдэж буй үйл явц ямар байна вэ?
-Төрийн албаны зөвлөл дээр ажиллаж байх явцад хамгийн чухал анзаарагдсан зүйл гэвэл дарга болоод удирдах ажилтнууд нь бид энэхүү цахим шилжилт гэдэг зүйл рүү зайлшгүй орох ёстой юм байна. Энэ ажлын шуурхай хийе гэдэг хүсэл зориг, манлайлал байгаа нь анзаарагдсан. Энэ бол маш чухал. Цахим шилжилтийг хийхээр шийдээд мэргэжилтнүүдээс хэчнээн санал санаачилга гараад даргын түвшиндөө манлайлалгүй бол амжилттай хэрэгжих магадлал багатай байдаг. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн хувьд дарга нь ямар ч байсан санаачилгатай байна. Цахим шилжилт гэдэг зүйлийг төрийн албаны шинэтгэлийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж харж хийх ажлын шийдвэр, төлөвлөгөөгөө гаргачхаад энэ ажилд анхаарал тавьж байгаа нь маш их ач холбогдолтой санагдсан. Удирдлагын манлайлал, хүсэл, зориг, дэмжлэг бол амжилтад хүрэх гол хүчин зүйлсүүдийн нэг мөн гэж үздэг.
Төрийн байгууллагад цахим шилжилтийг хийхэд IT-гийн салбарын мэргэшсэн мэргэжилтнүүд хэр зэрэг чухал байр суурийг эзлэх вэ? Энэ төрлийн мэргэжилтнүүд манай улсад хангалттай бий юу?
Төрийн алба ч гэлтгүй Монголын мэдээллийн технологийн салбарт тулгараад буй нэг том асуудал бол хүний нөөцийн асуудал юм гэж би хувьдаа боддог. Учир нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа залуусын тоо сүүлийн жилүүдэд буурч байна. Өндөр чадвартай мэргэжилтнүүд нь гадаад оронд ажиллахаар явдаг. Түүнийг хувь хүний зүгээс буруутгах арга байхгүй. Тиймээс цахим шилжилтийг гардан гүйцэтгэх мэргэжилтнүүд, програмистууд, нарийн мэргэжлийн олон инженерүүд шаардлагатай. Эдгээр хүмүүсийг төрийн албанд гэлтгүй Монголдоо хэрхэн тогтвор, суурьшилтай ажиллуулах вэ, амьдралын баталгааг нь яаж хангах вэ гэдэг бол тулгамдсан асуудлуудын нэг болсон. Цахим шилжилтийг хийх нь зөвхөн технологийн асуудал биш. Технологиос гадна соёлыг өөрчлөх явдал юм. Хүмүүсийн ажилдаа хандаж буй хандлага, соёлыг мөн өөрчлөх шаардлагатай болно.
Технологийн төслийг нэвтрүүлнэ гэдэг бол цогц асуудал юм. Өдөр тутмынхаа үйл ажиллагааг явуулж буй төрийн албан хаагч, төрөөс үйлчилгээ авч буй иргэн хоёрын дунд уламжлалт харилцаа тогтсон байгаа шүү дээ. Энэ тогтсон уламжлалыг өөрчилж, цахим хэлбэрээр баримт бичгийг нь бүртгэж, иргэдээс гарах хүндрэл, чирэгдэл, зардлыг бууруулах нь төрийн үйлчилгээ цахимжих үйл явцын гол зорилго. Иргэд гэрээсээ төрийн үйлчилгээг авдаг болоод ирмэгц уламжлалт соёл өөрчлөгдөж байна гэсэн үг. Гэвч соёл, хандлагыг өөрчилнө гэдэг амархан хийгдэх зүйл биш. Төрийн албаны зөвлөлийнхний хувьд өмнө нь Хүний нөөцийн цахим систем байсан харин шинээр хийгдэж буй цахим системүүд нь илүү орчин үеийн шаардлагад нийцсэн илүү нээлттэй, ил тод систем рүү шилжүүлж бусад төрийн байгууллагуудын системтэй уялдуулъя гэж зорьж байгаа нь их чухал ач холбогдолтой санагдсан. Хүний нөөцийн систем нь гэхэд Сангийн яам дахь Цалингийн нэгдсэн системтэй холбогдчихсон байгаа зэрэг нь төрийн бусад байгууллагуудад үлгэр жишээ, үр нөлөөлөөгөө өгч бусад байгууллагуудын уламжлалт арга барил ч өөрчлөгдөж, Төрийн албаны зөвлөл ч өөрөө өөрчлөгдөж байна гэсэн үг.
Жишээлбэл, нэг бичиг бариад дарга дээрээ орж заавал нэг цохолт хийлгэдэг байсан бол дарга нь аудио хэлбэрээр заавраа өгчихдөг тэрхүү удирдлагын заалт, яриа нь автоматаар текст болчихдог. Бичиг хэргийн ажилтан бичиг дамжуулаад л гүйгээд байх биш өөрсдөө тэрхүү бичгийг гар утас, компьютерээсээ харчихдаг. Тухайн албан хаагч томилолтоор хөдөө орон нутаг, гадаад улсад явж байсан ч гар утаснаасаа өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, хаана, ямар бичиг байгаад харж, хянаж болдог боломжийг бүрдүүлж байна. Энэ соёл нь өөрчлөгдөөд ирвэл технологи илүү амархан, хурдан нэвтэрнэ.
-Цахим шилжилтгүйгээр Төрийн албаны шинэтгэл явах боломжгүй гэж харж байна-
Таны одоо хийж байгаа ажлын үр дүнд Төрийн албаны зөвлөлийг зорьж ирэх иргэн ухаалаг гар утсаараа эсвэл компьютерээс өргөдлөө, өгч, авч, ямар үйл явцтай явааг нь харах боломжтой болох нь. Тэгвэл ухаалаг гар утас ашигладаггүй иргэд, интернэт орчинд ажиллаж үзээгүй иргэд энэ тохиолдолд таны хийж буй ажлын үр дүн яаж хүрч очих юм бэ?
Технологийн ямар нэгэн шинэ зүйлсийг нэвтрүүлэхдээ хүртээмжтэй талыг нь бодож, тооцоолж үзэх шаардлагатай байдаг. Ямар нэгэн байдлаар техник, технологи хэрэглэж чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэд уламжлалт цаасан хэлбэрээр үйлчлүүлэх боломжтой. Шуудангаар явуулдаг хэлбэр зэрэг нь хэвээрээ байж байна. Хэрвээ үнэхээр хүндрэл чирэгдэлгүй болно гэвэл цахим хэлбэрээр явуулж ч болно. Өнөөдрөөс эхлээд бүрмөсөн бид нэг ч цаас авахгүй гэх нь зохимжгүй. Тиймээс бусад хүмүүсийнхээ хүртээмж шаардлагыг бид харгалзаж үзэх ёстой.
Таныг удахгүй холын аянд эрдэм сурахаар явах гэж байгаа гэж сонссон. Мэргэжлээ дээшлүүлэхээр суралцах гэж байна уу?
-Тийм. Их Британийн Нэгдсэн Вант улсаас олгодог Chevening тэтгэлэгт хөтөлбөрт шалгараад энэ есдүгээр сард Sussex-ийн Их сургуульд Мэдээллийн технологийн менежментийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар явах гэж байна.
- Эрдэм сурах холын аянд явахаасаа өмнө таныг Төрийн байгууллагуудын цахим шилжилт , мэдээллийн технологийн талаарх чухал гэж үзэж буй өөрийн зөвлөмжөө өгөөч гэвэл та юу зөвлөмөөр байна вэ?
-Шууд санаанд орж байгаа зүйл гэвэл бодлогын асуудлууд... Цахим шилжилт хийнэ гэдэг зөвхөн технологийн асуудал биш. Цогцоор нь харж, хүний нөөц, эрх зүйн боломж зэргийг харах нь хамгийн чухал асуудал байх. Цахим шилжилтийг ямар хүний нөөцийг ашиглан ямар технологиор хийх вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Энэ бүхний үр дүнд төрийн үйлчилгээг иргэд хүндрэл, чирэгдэлгүй, зардал багатайгаар шуурхай авдаг болж бүх хүнд ижил тэгш боломж олгодог, хүртээмжтэй, ил тод байхад цахим шилжилт гол анхаарлаа хандуулаасай гэж бодож байна. Үүнийг бодлогоор санхүү хөрөнгө оруулалт, хүний нөөцтэй нь шийдэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж зөвлөнө.
Ковид 19 цаг тахалтай холбоотой нөхцөл байдал бидэнд цахим шилжилт хэчнээн чухал болохыг харууллаа. Ер нь хүссэн хүсээгүй бид цахим шилжилт рүү явна. Тиймээс энэ ажлыг хийсний дараа төр иргэнийхээ мэдээллийг хэрхэн аюулгүй хадгалж, хамгаалах вэ гэдэг дараагийн нэгэн чухал асуудал байх болов уу. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль хэрэгтэй болно гээд яриад байвал энэ бол тасралтгүй үйл ажиллагаа юм. Цахим шилжилтийн талаарх хийж эхэлж буй ажлууд бол тасралтгүй үргэлжлэх маш том процессийн эхлэл юм. Цахим шилжилтгүйгээр Төрийн албаны шинэтгэл явах боломжгүй гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна