Улирлын томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж байна

ALs
2020 оны 8-р сарын 28 -нд

Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа. 

Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт ор гаргах чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал нийслэлийн хэмжээнд 2852 хүүхдийн орыг бэлдэж, нэмэлтээр цэцэрлэг, зочид буудал гэх мэт эрүүл мэндийн бус байгууллагад 750 орны нөөцийг бүрдүүлэхээр болжээ.

Хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “томуугийн дархлаажуулалтад 2019 онд эрсдэлт бүлгийн хүмүүс, жирэмсэн, цэцэрлэгийн хүүхдүүд болон сайн дурын нийт 100 гаруй мянган хүнийг хамруулсан бол 2020 онд 394 мянган хүн тунгаар захиалга өгч ажиллаж байна. Түүнчлэн 2019 онд уушгины хатгалгааны эсрэг вакцинд 21078 хүүхдийг хамруулсан бол 2020 оны эхний хагас жилд 11757 хүүхдийг хамруулаад явж байна” гэж танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлтгэл ажлуудаа бүрэн хангах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн ЭМЯ-аас энэ жилийн хувьд 1.3 сая хүнийг томуугийн вакцинаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна