Төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ

ALs
2020 оны 9-р сарын 02 -нд

Төрийн үйлчилгээний цахим систем E-Mongolia хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 21 аймаг 330 сумын Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн үйлчилгээний зургаан төвд нэвтрүүлж,  32 мянган иргэн төрийн үйлчилгээг цахимаар авсан байна. Төрийн үйлчилгээг цахим болгосноор төр 9.9 тэрбум төгрөг, иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэх юм. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаар тусгасан. Үүний  эхний алхам болгож E-Mongolia нэгдсэн платформыг гаргаж байна.  Энэ платформ нь төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилготой хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэд төрийн үйлчилгээг аппликейшн буюу утсаараа эсвэл цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. Аравдугаар сарын 1-нээс  иргэд 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болно. Үүнд иргэний үнэмлэх дахиж захиалах, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаяг баталгаажуулах лавлагаа  зэрэг үйлчилгээг авах боломжтой. Эдгээр үйлчилгээг цахимжуулахад технологийн шийдлээс илүү иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг нь маш чухал. Үүнийг Өгөгдөл хамгаалах хууль, Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах хууль төслийн хэмжээнд яриад явж байна. Ерөнхийдөө иргэд авдаг 400 гаруй үйлчилгээнээс эхний ээлжинд  181 үйлчилгээг цахимжуулж үлдсэнийг нь ирэх ондоо багтаан дуусгана. Төрийн аппликейшнүүд, төрийн вэб сайтаар үзүүлж буй бүх үйлчилгээг E-Mongolia платформд шат дараалалтайгаар нэгтгэнэ” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна