Хоёр настнуудыг цэцэрлэгт ЦАХИМААР бүртгэнэ

Отгоо
2020 оны 9-р сарын 17 -нд

Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан хоёр настнуудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан. Энэ дагуу хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэх ажлыг цахимаар зохион байгуулахаар боллоо. 

Хоёр настай хүүхдүүдийг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn цахим хаягт хандан бүртгэлээ хийлгэх юм.

Цахим бүртгэл есдүгээр сарын 18-ны 09:00 цагаас эхэлж, есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт хаагдах юм байна. Энэ хугацаанд 24 цагаар бүртгэл явагдах бөгөөд бүртгэл дууссаны дараа 21-ний өдөр16:00 цагаас цахим элсэлт явуулж, санамсаргүй түүврийн байдлаар элсэгчдийг сонгож, үр дүнг эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. 

Бүртгүүлэхэд тухайн цэцэрлэгт авах боломжит хүүхдийн тоо болон бүртгэл хийлгэсэн хүүхдийн тоо гарах бөгөөд хамран сургах тойргийн хаягууд мөн харагдах юм байна. 

Энэ хичээлийн жилд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэх бөгөөд энэ хугацаанд төрөөгүй хүүхдийн регистрийг оруулбал систем хүлээж авахгүй гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

Хүсэлтийг нэг удаа гаргах бөгөөд цэцэрлэгүүдэд 09:18:00 цагийн хооронд цахим элсэлттэй холбоотой туслах ажилтнууд ажиллах юм байна. 

Есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 75778080 дугаарын лавлах утсыг ажиллуулж байгаа бөгөөд бүртгэлийг 21-ний өдөр дуусгаж, 22-ны өдрөөс хоёр настнууд цэцэрлэгтээ суралцаж эхэлнэ. 

Хүүхэд харах үйлчилгээ мөн ирэх долоо хоногоос хичээллэж эхлэх бөгөөд 2-3 настай хүүхдүүдийг авна. Бүртгэлийг энэ долоо хоногт хийнэ. Хүүхэд харах үйлчилгээний хаяг, байршлын талаар мэдээллийг дүүргийн боловсролын хэлтэс болон хороодоор дамжуулан авах боломжтой.

Энэ хичээлийн жилд 3-5 насны 111 мянган хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд цэцэрлэгүүдээс авсан хяналтын тоогоор 10 орчим хоёр настай хүүхэд авах боломжтой гэсэн тоо гарчээ. Хоёр настнуудыг нэг ангид 25 орчим байхаар тогтоож байгаа бөгөөд нийт боломжит орон тооны 80 хувийг цахимаар 20 хувийг зорилтот бүлгийн буюу багш ажилчдын хүүхдийг хамруулахаар болжээ. Мөн есдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй байхаар болсонтой холбоотойгоор бусад бүлгийн хүүхдүүдийн тоог нэмсэн бөгөөд зарим цэцэрлэгт хоёр настнуудыг өмнөх шигээ тоогоор авах боломжгүй байдал үүсээд байгаа аж. 

Харин хүүхэд харах үйлчилгээний тухайд 1800 орчим хүүхэд хамрагдах урьдчилсан тоо гараад байгаа юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна