Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад энэ сарын 9-10-ны өдрүүдэд айлчилна

ALs
2020 оны 10-р сарын 06 -нд

Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчлах талаар мэдээлж байна. 

Тэрээр аравдугаар сарын 09, 10-ны өдөр (баасан, бямба гарагт) айлчилна. Тэрээр манай улсад он дараалж айлчилж буй нь энэ юм. Сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх юм.

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү

Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байна гэлээ. Японд Ковид-19 өвчний нийт халдварын тоо 80 мянга орчим байгаа ба халдварын тархалтыг тогтоон барьж чадаж байгаа гэв.

 

ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга Э.Сарантогос "Япон улс манай улсын хувьд худалдааны чухал түнш бөгөөд 2016 оноос хойш хийсэн Монголтой хамгийн анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж байна. Худалдааны эргэлт 600 сая орчим ам.доллар, хөрөнгө оруулалт 900 сая орчим ам.доллар байгаа ба айлчлалын үеэрх хэлэлцээрээр эдгээрийг хэрхэн өсгөх, Ковид-19 өвчинтэй холбоотойгоор хэрхэн хамтран ажиллах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар ярилцана. Айлчлалын дараа үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх болно" гэлээ.

Мөн энэ дашрамд мэдээлэл өгөхөд, энэ онд тохиож буй Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг  аравдугаар сарын 8-ны пүрэв гарагт тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд томоохон гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Монгол Улс, БНСУ нь стратегийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзлэлтэй байгаа ба "Монгол БНСУ-ын харилцаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна