Маргааш баруун аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг ууурын байгууллагаас анхаарууллаа.
Аравдугаар сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар секундэд 12-14 метр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан.
Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна