Тус А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд концессын “Барих-Шилжүүлэх” гэрээний дагуу барьж ашиглалтад оруулж байна. Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Засгийн газрын 2015 оны 87-р тогтоолын дагуу “Эрчим хүчний барилга угсралтын тресст” ХХК барилгын ажлыг эхлүүлжээ. Зарим шалтгааны улмаас барилга угсралтын ажил түр зогсож 2018 оны хавраас үргэлжлэн тус онд 6,9%-ийн гүйцэтгэл хийсэн бол 2019 онд холбогдох этгээдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу харилцан тохиролцож, концесс эзэмшигчийн эрх, үүргийг "Макс рөүд" ХХК-д шилжүүлжээ. Ингэснээр барилга угсралтын гүйцэтгэлийг эрчимжүүлж, “Аварга зам” ХХК зөвлөхөөр ажиллаж, нийт ажлын 45% буюу эхний 30 км авто замыг мөн ондоо ашиглалтад оруулсан бол үлдсэн хэсгийг ийнхүү энэ онд багтаан барьж, дуусгалаа. Зам барилгын ажилд 800 гаруй хүн хүч, 400 гаруй машин механизм, чулуу бутлуур, холигч, асфальтбетон завод зэрэг 10 үйлдвэр 11 сарын хугацаанд ажилласан байна.
Баянхонгор-Алтай чиглэлийн энэхүү хатуу хучилттай авто зам баригдсанаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагч, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Тодруулвал баруун чиглэлд зорчиж буй иргэдийн техникийн шатахуун зарцуулалтыг 30-40%, цаг хугацааг хоёр дахин хэмнэх аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна