2020 оны Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрт хүртээхээр болсныг Осло хотноо зарлалаа. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн өлсгөлөнгийн эсрэг хийж буй тэмцэл, мөргөлдөөний бүсэд энх тайван тогтооход оруулж буй хувь нэмэр, өлсгөлөнг дайн, мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцдогийг нь үнэлж ийнхүү энэ оны Нобелийн энх тайвны шагналыг хүртээж байгааг Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Берит Райсс Андерсен зарласан юм.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр нь олон улс даяар өлсгөлөнгийн эсрэг тэмцэж буй хүмүүнлэгийн тэргүүлэгч байгууллага юм. Ковид-19 цар тахлаас болж дэлхий дахинаа өлсгөлөнд нэрвэгдэгчдийн тоо эрч өссөн. Иемен, Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Нигер, Өмнөд Судан, Буркина Фасо зэрэг зэвсэгт мөргөлдөөнтэй олон улс оронд цар тахал нүүрлэж өлсгөлөн ядуурлын ирмэгт хүрсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Харин цар тахлын энэ үед дэлхийн хүнсний хөтөлбөр хүчин чармайлтаа идэвхжүүлэн ажиллаж чадахаа харуулж байна. Дэлхийн хүнсний хөтөлбөр болон хүнсний тусламж үзүүлдэг бусад байгууллагууд шаардлагатай санхүүгийн дэмжлэг, тусламж авч чадахгүй бол дэлхий нийтээр төсөөлөхийн аргагүйгээр их өлсгөлөнд нэрвэгдэхээр байгааг Нобелийн хороо мэдэгдэлдээ онцолсон юм. Энэ жилийн Нобелийн хамгийн нэр хүндтэй энэ шагналд 211 хувь хүн, 107 байгууллагын нэрийг дэвшүүлсэн байна.
Гэхдээ нэр дэвшигчдийн жагсаалтыг уламжлал ёсоор сайтар нууцалдаг бөгөөд шагнал гардуулснаас хойш 50 жилийн дараа л нууцын зэрэглэлээс нь гаргадаг юм. Гэхдээ Норвегийн энх тайвны судалгааны хүрээлэнгээс жил бүр тус шагнал хүртэх магадлал өндөртэй нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргадаг. Энэ жилийн тухайд тус хүрээлэнгийнхэн Нью-Йоркод төвтэй сэтгүүлчдийг хамгаалах хороо засгийн газрын бус байгууллага энх тайвны шагналын эзнээр тодрох хамгийн өндөр магадлалтай хэмээн тодорхойлж байсан юм.
Мөн Оросын сөрөг хүчний удирдагчийн нэг Алексей Навальный Суданы засгийн газрыг эсэргүүцэгчдийн бэлэг тэмдэг болсон Алаа Салах, Хятадын нийгмийн зүтгэлтэн, уйгаруудын эрхийг хамгаалагч Ильхам Тохти,Хонконгийн идэвхтэн Натан Лау нарыг энэ оны энх тайвны шагнал хүртэх магадлалтай хүнээр нэрлэсэн байсан юм. Харин букмекерүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Шведийн байгаль хамгаалагч Грета Тунберг, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага, Өнгөт арьстнуудыг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн, Амазоны индианчуудын удирдагч Раони Метуктир нарыг магадлал өндөртэй хэмээн нэрлэж байсан юм. 1901 оноос хойш Нобелийн энх тайвны шагналыг 134 улс төр, нийгмийн зүтгэлтэн, байгууллагад олгоод байгаа юм:.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна