Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг шалгаж дуусжээ

ALs
2020 оны 10-р сарын 13 -нд

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт шалгасан.

Тодруулбал, Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж нэр бүхий аж ахуйн нэгж, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан, оффшортой холбоотой гэх үйлдлүүдийг шалгаж байгаа гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байв. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссан байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид уг хэргийг нотлогдсон гэж үзэж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлжээ.

П.Мандах


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна