НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн_гар_угаах_өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.
2020.10.16-ны өдөр ССА-ны Нийгмийн эрүүл мэндийн нэгж, Ариутгал, халдваргүйтгэлийн тасаг хамтран Хүүхдийн зөвлөх поликлиникээр үйлчлүүлж буй иргэдэд Гараа дарааллын дагуу угаах, гар угаахын ач холбогдлыг таниулан сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Хүүхдийн таргалалт, осол гэмтэл, хүүхдийн нүдний эрүүл мэндэд, амны хөндийн эрүүл ахуй, гар угаах дараалал, гараа халдваргүйжүүлэх дараалал зэрэг 8 төрлийн 300 гаруй зурагт хуудас тараан, ионжуулсан аппарат буюу Black box-оор гарын эрүүл ахуйг үнэлж, зөвлөгөө өгөв.
Дэлхий дээр 5 хүртэлх насны 5.9 сая хүүхэд нас барсны 9 орчим хувь нь суулгалт өвчний шалтгаантай байна. Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр энэхүү нас баралтыг 50 хувиар бууруулах боломжтой ба гараа савандаж угааснаар зөвхөн суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалгаа, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой.
COVID19 болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх энгийн нэг арга бол гараа савандаж угаах юм. Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, гарын эрүүл ахуйд анхаарч, гар угаах дадлыг багаас нь хэвшүүлэх уриалгыг ЭХЭМҮТ-ээс уриалж байна!
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна