Б.Баатархүү: Нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл худал

ALs
2020 оны 10-р сарын 16 -нд

Нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулахад энэ мэдээлэл ташаа болохыг хэллээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өрсөлдөгчийгөө автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэх ташаа мэдээлэл гараад байна. Бодит байдал дээр юу болсон талаар товч мэдээлэл өгөхөд аравдугаар сарын 14-ний өдрийн 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст хүн машинаар мөргөж амь насыг нь хохироосон гэх мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу сумын цагдаагийн хэлтэс хэргийн газарт шалгалт хийхэд 40 настай Б гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автоамашин жолоодон ухрах үйлдэл хийж байхдаа М-ийн амь насыг хохироосон. Хэргийг шалгаж байна" гэлээ. 

Амь нас хохирсон М нь орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол жолоог барьж, осол гаргасан Б нь түүний найз бөгөөд сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч нар маргалдаж улмаар зөрчил үүсэн нэгнийхээ аминд хүрсэн бус согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон ухарч байхдаа зам тээврийн осол гарсан гэв. 

Осол гаргасан жолооч Б ослын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх юм байна. Хэргийн талаар ташаа мэдээлэл гарч байгаа тул ЦЕГ-аас товч мэдээлэл өгч байгаа гэдгийг тэрбээр онцоллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна