Бийск хүрсэн тэмээн жин кино болно

ALs
2020 оны 10-р сарын 19 -нд

Монгол хүмүүний омогшил бахархлыг огшоох нэгэн сонирхолтой сэдвээр түүхэн уран сайхны кино бүтээхээр болжээ. “BAYAR ENTERTAINENT”-ийн захиалгаар VAST Mongolia продакшн энэхүү киног хийх юм байна.

Энэ бүтээлийн тухай тус кинонд зохиолчоор ажиллаж буй Д.Нацагдоржийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан, найруулагчаар ажиллаж буй Соёлын тэргүүний ажилтан Дэнзэнгийн Батбаяр нартай ярилцлаа.

Сур: Та бүхнийг сонирхолтой уран бүтээл хийх гэж байгаа гэж сонслоо. Дэлхийн хоёрдугаар дайнд тэмээн жингээр тусламж хүргэсэн тухай…

Б.Баярсайхан: Үнэхээр сонирхолтой биз, тийм үү. Яг үнэндээ би ч бас энэ түүхийг сайн мэддэггүй байлаа. Bayar entertainment санал тавьсан юм. Монгол хүний үнэ цэнийг өргөх маш гоё сэдэв байна. Кино зохиол бичээч. Монгол хүн дэлхийн дайнд яаж мах цус, хүч хөлсөө цутган хувь нэмэр оруулсныг дэлхий нийт биш юмаа гэхэд дэлхий дахины нэг хэсэг үзэж ойлгож, үнэлж цэгнэх ёстой. Бидэнд тийм омог бардам юм хийх хүсэл байна гэж. Эхэндээ ч би эргэлзэж л байсан л даа. Ашиг хонжооны  арилжааны бүтээл биш. Аар саархан гар хурууны үзүүрээр хийчих юм биш. Санасан чинээндээ тултал бичиж чадах болуу энэ тэр гэж.

Сур: Таны хувьд жин нэгэнт хөдөлчихсөн юм биш үү?

Б.Баярсайхан: Харин тийм. Зохиолч хүний хувьд ийм санал хүлээж авах нь нэр төрийн хэрэг. Ховорхон олдох завшаан юм даа. Ийм саналаас татгалзвал заяа хаях байх даа, тийм үү. Чи юу гэж бодож байна.

Сур: Тэгэх байх. Том амбийц юм биш үү

Б.Баярсайхан: Урьд өмнө гарсан эх сурвалж, аялалын тэмдэглэл, албан баримт сэлтийг шүүж үзээд үнэхээр гайхсан. Бахархсан. Омогшсон. Тэгээд юу гэж бодсон гээч. Би монгол хүн. Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэж хий хоосон цээжээ дэлдэх яах вэ. Бид чинь ийм өвөг дээдсийн үр хойч гэдгээ мартах учиргүй юм даа гэж бодож зориг шулуудсан. Үнэндээ бол би том хэмжээний түүхэн уран сайхны кино зохиол бичиж байсангүй. Тиймээс зохиолч дүү Сааюугийн Баттулгадаа санал тавиад хамтарч бичиж байна. Манай Тулгаа бол өмнө нь хэд хэдэн кино зохиол бичсэн. Улиастайн цэргийн бослогын тухай “2000” гэдэг түүхэн уран сайхны киноны зохиолчоор хамтарч ажилласан.

Сур: Эх сурвалжийг уншиж байхад сэтгэлд хамгийн тод үлдсэн юм юу байв?

Баярсайхан: Тэр жил зуд болсон юм байна. Энэ бол 1942 он. Мөн оныхоо 9 дүгээр сарын дундуур хөдөлсөн 1200 тэмээтэй жингийн цуваа 240 тонн бэлгийн бараа ачаалж, хөр цасны хайруу, хүйтэн жаврын сөргүүд гурван сар явж байж Бийск хот орсон байгаа юм. Буцаад гурван сар явж эх нутагтаа иржээ. Хоёр талдаа хагас жил.  Тэр жил маш их эрт цас унаж, зам даваа боогджээ. Ачаатай тэмээ уулын налууд тогтсон мөсөн дээр тэшин хальтирч, унаж үхэж байсан байна. Байгалийн ийм хүнд хүчирт зүтгэсэн жинчин эрс шантарч, халширч буцмаар цаг гарч л байж. Энэ үед тэд өөрсдийгөө яаж зоригжуулж, зорьсон хэргээ чухалчилж байсан гээч. Бодохоос ч өрөвдмөөр, бас бахархмаар юм билээ. ““Гитлерийн фашизм сөнөтүгэй” гэж хашгиралдан хүч тэнхээ орж явсан” гэж тухайн үед 18 настайдаа жин ахалж явсан хөдөлмөрийн баатар Лувсан гэдэг хүний дурсамжид өгүүлсэн байна.

Сур: Дэнзэнгийн Батбаяр та найруулагчаар нь ажиллах юм байна. Их том зориг, их том боломж биз.

Д.Батбаяр: Миний хувьд анхны дэлгэцийн бүтээл болох юм. Өмнө нь олон радио жүжиг, телевизийн бүтээлд найруулагчаар ажиллаж байсан. Энэ киноны сэдэв их сонирхолтой. Олон хүн энэ сэдвийг барьж авахсан, кино хийхсэн гэж бодсон байх. Уран бүтээлч хүн бүрийн л барьж авахыг хүсдэг сэдэв. Тийм учраас Bayar entertainment.аас тавьсан саналыг дуртайяа хүлээж авсан. Энэ бол хуучин юм шиг атлаа шинэ, тодорхой юм шиг атлаа бүдэгхэн тийм түүх юм. Баримтад хэт баригдахгүй, тэгэхдээ хэт фантаазлах боломжгүй. Энэ хил хязгаар дотор чөлөөөтэй хөрвөх боломжтой гэж харж байгаа. Зохиолчийн хувьд Бидэр Баяраа бид хоёр Монголын радиод олон жүжиг хамтран хийж байсан. Бие биенээ их сайн ойлгож, гар нийлдэг учир найзыгаа санал болгосон юм. 

Сур: Монгол жинчид Алшаа, Бар хөл, Цонж зэрэг газар руу жин тээж байсан түүх их юм билээ. Харин дэлхийн дайнд тусламж хүргэхээр Горны Алтайг давж, алдарт Чуйн хөндийг туулж, цас мөс, хахир хүйтэн, шуурга шамарга сөрж явсан түүх бараг л байхгүй болов уу. Кинонд яг юуг чухал болгож үзүүлэх вэ. Тусламж  уу….?

Д.Батбаяр: Мэдээж тусламж хүргэсэн түүхэн үнэнийг харуулна. Үүний үнэ цэнийг товойлгон тодруулах нь манай киноны нэг гол үзэл санаа. Өөр нэг сонирхолтой өнцөг бол монгол тэмээний хүч чадал, монгол хүний чөмөг, монгол хүний сэтгэлийн хат, монгол хүн малтайгаа, байгальтайгаа яаж харьцаж, дасан зохицож, бэрхшээлийг даван туулдаг вэ гэдгийг тод томруун зурах зорилго бий. Нүүдэлчдийн философи гэх үү дээ.

Сур: Бүхнийг фронтод. Бүхнийг ялалтанд бүхнийг гэдэг уриа байж дээ. Энэ үгний үнэ цэн сүүлийн үед бүдгэрч байна гэж та боддог уу

Д.Батбаяр: Мартах ёсгүй түүх, мартах учиргүй хүмүүс гэж байна. Энэ сэдвээр том хэмжээний бүтээл хийх санаачлага гаргасан Bayar entertainment энэ үйл явдлын үнэ цэнийг илүү харж мэдэрсэн гэж ойлгож байгаа. Оросуудыг хар л даа. Дэлхийн дайнд оросын ард түмний баатарлаг гавьяа, түүхийг улам тодотгосон олон сайхан шинэ кино хийж байна. Төрөөс нь бодлогоор дэмжиж санхүүжүүлж байна. Гэтэл бид өөрсдийгөө бага буурай орон гэж бодож, чамлаж болохгүй. Бидний өвөг дээдсийн гавьяа бага биш. Үнэхээр энэ киног дэлхийд гарах хэмжээнд хийж чадвал монгол хүнийг харах дэлхийн үнэлэмж өөрчлөгдөх ёстой. Би бол ингэж харж байгаа.

Сур: Киноны гол дүр хэн байх вэ? Ямар жүжигчид тоглох вэ гэдэг нь үзэгчдийн дунд яах аргагүй хүлээлт үүсгэх асуулт мөн дөө.

Д.Батбаяр: Одоохондоо дүрийн судалгаа хийж байна. Тэгээд ч зохиол бүрэн гарч дууссан хойно энэ талаар илүү тодорхой болно.

Сур: Киноны зургийг Орос Монгол хоёрт авах уу. Тийм бол цар хүрээ нь илүү өргөжинө гэж харж байна.

Б.Баярсайхан: Энэ бол захиалагч Bayar entertainment хариулах асуулт байна. Амжилттай болгохын тулд олон улсын хэмжээний төсөл болгох талаар захиалагчид төлөвлөж байгаа байх аа. Ямар ч байсан кино зохиолын оюуны өмчийн эрхийг ойрын үед баталгаажуулж авах юм.

Киноны уран бүтээлчдээс товчхон мэдээлэл авахад ийм байна. Энэ уран бүтээл нь ач холбогдол, даац далайцын хувьд үнэхээр өргөн хүрээг хамрах юм байна гэж ойлголоо. Дэлхий дахин тэр чигээрээ татагдан орсон аугаа эх орны дайнд монголын ард түмэн “Бүхнийг фронтод. Бүхнийг ялалтын төлөө” гэсэн сэтгэлээр ажилчин хүн нормоо давуулан биелүүлснээ улаан армид барьж буй бэлэг гэж ойлгож байлаа. Малчид, ардын аж ахуйтнууд агт морь, амбан шар, дах дэгтий, шар, цагаан тос гээд өөрт байсан өнгөтэй, амттай бүхнээ харамгүй илгээж байсан. Энэ бүхний ард бүдгэрэн үлдсэн нэгэн түүх бол дүн өвлийн цагаар мянга гаруй тэмээтэй  жингээр Алтайн уулсыг давж орос хүмүүст, оросын ард түмэнд монголын ард түмний сэтгэлийн бэлгийг хүргэсэн юм. Алсран бүдгэрч буй энэ түүхээр түүхэн уран сайхны кино хийх “Уран бүтээлийн жин” нэгэнт хөдөлжээ. Энэ тухайд эргэн сурвалжлах болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна