Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

ALs
2020 оны 10-р сарын 19 -нд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Дотоод хэргийн их сургууль хамтран ажиллах Санамж бичгийг 2020 оны 10 дугаар сарын 19-нд гурван жилийн хугацаатай байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь тус сургуулийн багш, оюутан сонсогчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, хүний эрхийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Талууд Санамж бичгийн хүрээнд хүний эрхийн судалгааны бүтээлүүдийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, боловсон хүчнийг хүний эрхийн хандлага төлөвшсөн, ойлголт мэдлэгтэй, мэргэшсэн байдлаар бэлтгэх, хүний эрхийн хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгуулах, ном сурах бичгээр хангах зэрэг олон талт ажиллагааг явуулахаар боллоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 86 жилийн түүхтэй, 17 салбар сургууль бүхий Дотоод хэргийн их сургуультай хамтын ажиллагааны туршлагатай бөгөөд хүний эрхийн танхимыг байгуулж өгч байсан юм. Энэ сард ХЭҮК тус сургуульд хүний эрхийн номын санг тохижуулахад хандив өргөж, 800 гаруй Англи, монгол хэлээрх ном, товхимлыг хүлээлгэн өгөөд байна. Мөн ДХИС-ийн бакалавр, магистрантур, докторантурын сургалтын төлөвлөгөө агуулгад хүний эрхийн асуудлаар тодорхой сэдвүүд тусгах, оюутан сонсогчид болон эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ахисан түвшинд тасралтгүй судлах боломжоор хангах, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүл, ном товхимол хэвлүүлэх зэрэг ажлыг эхлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна