МИАТ: МИАТ-ын онгоцоор зорчиж байсан БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн

ALs
2020 оны 10-р сарын 23 -нд

БНХАУ руу ниссэн тусгай үүргийн онгоцонд зорчиж байсан таван иргэнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор МИАТ-аас мэдэгдэл гаргажээ.

Тодруулбал, “Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг БНХАУ-руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн.

Энэхүү нислэгийг Боинг 767 агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан боловч Хөх хотод Ковид-19 вирусийн шинжилгээ авахад БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн байна.

Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ийн зөвшөөрлөөр хийгддэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас Ковид-19 халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр Ethiopian Airlines (5 долоо хоног), China southern (5 долоо хоног), Saudi Arabian Airlines (1 долоо хоног), Vietnam Airlines (1 долоо хоног) болон МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон.

МИАТ ТӨХК нь Ковид-19 вирусийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохих дүрэм, журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, жирийн үед 6 сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн Ковид-19 шинжилгээ өгч халдваргүй гарсан болно.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна