Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тамгаа гардаж авлаа

ALs
2020 оны 10-р сарын 24 -нд

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн. Тэрбээр өнөөдөр 18:30 цагт нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотын ажил нэг өдөр, нэг цаг ч саатаж болохгүй хэмээн үзсэн учир түүнийг өнөөдөр батламжилсан болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын тамга тэмдэг, Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Төрийн үйл хэрэг, залгамж чанар тасралтгүй явах ёстой. Улаанбаатар хотод өвөлжилтийн бэлтгэлээс авахуулаад хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараад хүлээж байгаа. Улаанбаатар хот бол эдийн засгийн 68 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь, нийт хүн амын 50 хувь байдаг учир энэ их айлын ажил тасралтгүй явагдах учиртай. Цаашид нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хүрээнд нийслэл Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана. Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно” хэмээн онцоллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна