“Дугуйн өдөр-2020”-д 300 гаруй дугуйчин оролцлоо

ALs
2020 оны 11-р сарын 01 -нд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлыг хэрэгжүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн өдөр”-ийг дөрөв дэх жилдээ өчигдөр зохион байгууллаа. Дугуйн парад, уулын дугуйн бага насны хүүхдийн тэмцээн, өсвөр нас, сонирхогчид гэсэн дугуйн гурван төрлийн тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монголын Дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд, Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү болон дугуй сонирхогчид, тамирчид оролцлоо.  

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Гурван төрлийн тэмцээнд 300 гаруй дугуйчин оролцож байна. Иргэдэд дугуйн спортыг сурталчилж, эрүүл мэнддээ анхаарч, дугуйгаар хичээллэхийн ач холбогдлыг дугуйчид та бүхэн таниулж өгч байгаад талархаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дугуйчдыг дэмждэг учир жил бүр зохион байгуулагддаг “Дугуйн өдөр” цаашид улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү “Монголын дугуйн спорт сүүлийн жилүүдэд хөгжиж байгаагийн шалтгаан нь Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс уулын зам, Налайхын замд маш олон дугуйн замыг тавьсан. Цаашид ч автозамыг дагасан дугуйн замыг тавихаар байгаа. Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс ч дугуйн спортыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. УИХ-д ч мөн дугуйн спортоор хичээллэдэг, дэмждэг лобби бүлэг болох хэмжээний гишүүд байгаа учир цаашид дугуйчдын ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна