Цахим засаглалыг хөгжүүлэхэд Эстони улстай хамтран ажиллана

ALs
2020 оны 11-р сарын 04 -нд

Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар өнгөрсөн сарын 30-нд Эстонийн Цахим засаглалын академийн Гүйцэтгэх захирал Арво Оттой уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын цахим засаглал, мэдээллийн технологи, цахим аюулгүйн байдлын чиглэлээрх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэхэд эстонийн туршлага, санал зөвлөмж их чухал байсныг онцлон тэмдэглээд төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” нэгдсэн систем ажиллаж буй талаар мэдээлэв.

Цаашид талууд цахим засаглалын асуудлаар хамтарсан ажил зохион байгуулах, Таллины их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр Монголоос оюутан сургахад тус Академи дэмжих, монголын мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтуудад хамруулахад хамтран ажиллах болов.

Түүнчлэн Эстонийн цахим засаглалын академиас 2021 оны 5 дугаар сарын 18-20-нд зохион байгуулах “Цахим засаглал 2021” олон улсын бага хуралд Монгол Улсын төлөөлөгчдийг албан ёсоор урьж оролцуулах болов. Энэхүү бага хурлыг Эстонийн засгийн газар жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн 130 гаруй орны 1200 гаруй төлөөлөл оролцож, цахим засаглалын шилдэг туршлага, технологийн шинэлэг шийдлүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцдог байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна