Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь 2009 оны зургаадугаар сарын 5-нд үүсгэн байгуулагдсан.
Тус холбооны зорилго нь мэргэжлийн кик бокс, холимог тулааныг Монголдоо хөгжүүлэх, хүүхэд залууст сурталчлах, холимог тулаанаар Дэлхийн холбоодод Монгол Улсынхаа нэрийг гаргах тамирчид бэлдэх болон тэмцээн уралдаан зохион байгуулахад чиглэсэн. Холбооны зүгээс чансаа ахих “MGL-1 FIGHT NIGHT” тэмцээнийг гурван удаа, “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” аваргын бүсийн төлөөх тулаануудаас гадна Япон, БНХАУ, ОХУ, Тува, Буриад, Халимаг Улсын тамирчидтай хийсэн халз тулааныг 14 удаа зохиосон.
Мөн сорил тулаануудыг 11 жилийн турш тасралтгүй зохион байгуулсаар өдийг хүрчээ.
Энэ хугацаанд мэргэжлийн кик боксын есөн аварга, холимог тулааны 22 аваргыг шалгаруулж, одоогийн байдлаар АНУ-ын UFC, BELATOR, Солонгос Улсын ROAD, Япон Улсын DEEP, БНХАУ-ын RUFF, Холимог тулааны ONE CHAMPIONSHIP зэрэг олон холбоонд тамирчид амжилттай тулалдаж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд гаргасаар байна. Тухайлбал Ази Номхон далайн орнуудын LEGEND CHAMPIONSHIP холбооны аваргын бүс, мөн ONE CHAMPIONSHIP холбооны Дэлхийн аваргын бүсийг Монгол Улсын тулааны анхны гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг эх орондоо авч ирсэн түүхтэй.
Холимог тулааны спортыг бүх насны хүмүүс үзэж сонирхоход эл холбооныхон хувь нэмрийг оруулсаар байгаа. Холбооны зүгээс цуврал тэмцээнүүдийг зохион байгуулахаар тов зарлажээ.
Тодруулбал, энэ сарын 9-нд “MGL-1 FIGHT NIGHT” тавдугаар тэмцээн, 23-нд “MGL-1 FIGHT NIGHT” зургаадугаар тэмцээн, ирэх арванхоёрдугаар сарын 7-нд “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” аваргын бүсний төлөөх тулаан болно.
Энэ удаагийн чансаа ахиулах тулаанд холимог тулааны 57 кг-ийн жингийн шилдэг найман тамирчин хасагдах журмаар тулалдаж, 2020 оны 57 кг-ийн жингийн аварга, бүсийн эзэн тодорно.
Энэ жинд 2012 оноос хойш “Шандас ММА” Р.Отгонтулга, Монголын Жиүжицүгийн холбооны О.Пүрэвгэсэн гэх хоёр аварга тодорсон байна. Чансаа ахиулах тулаан 70 кг-ийн жингийн тамирчдын дунд өрнөх бол Оргил тулаан Мэргэжлийн боксын WBC холбооны 2002 оны залуучуудын аварга, Мэргэжлийн бокс-т 34 тулаан хийж, 27 ялсны 22 тулаан нь КО буюу хүнд цохилтоор буулгаж байсан Г.Баяртогтох холимог тулааны төрлөөр Баянхонгор аймгийн сумын начинтай анх удаа тулалдах аж.
Тулалдах тамирчдын танилцуулга:
Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. "Адуучин" хочит Мягмар овогтой Мөнхбат 160 см өндөр, 28 настай. 2017 онд“Мастер тулаанч” реалити шоугаар ялалт байгуулан гарч ирсэн. “MGL-1 fight night” 2 дугаар тэмцээн дээр ХСИС-ийн тамирчин Түвшинзаяаг шүүгчийн саналаар ялсан. 57 кг жингийн хамгийн намхан тамирчин. Нийт 5 тулаан хийж, 4 ялсны 2 нь хүнд цохилтоор, 2 нь шүүгчийн саналаар ялж, 1 ялагдал хүлээсэн байна. Дасгалжуулагч багш ОУХМ Ганбаатар, ОУХМ Д.Төрбат
“Komit service”, “Team Tungaa”, “Шандас ММА”-ын тамирчин Б.Мөнхдэлгэр. 170 см өндөр, 27 настай. Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 2016 онд холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. “MGL-1 FC” –ын тулаанд ээлж дараалан боох, өчих мэхээр ялалт байгуулсан. 2019 онд холбооны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Монгол Туургатны Холимог тулаан”-ы “MGL-1 FC13 тулаан”-д өрсөлдөгч болох “Ширэн бээлий” клубын тамирчин Г.Золжаргалыг гарт өчиж ялсан. Нийт 4 тулаан хийж, бүгдэд нь өчиг боох мэхээр ялалт байгуулсан өчиг боолтын мастер түүнд одоо аваргын төлөө тулалдах эрх нээгдэж байна. Дасгалжуулагч багш МУГТ Ж.Нарантунгалаг
Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Хангай Нуруу Байгалийн Цогцолборт хамгаалалтын захиргаа “Ширэн бээлий” клубын тамирчин Пүрэвдоржийн Содномдорж. 183 см өндөр, 25 настай. Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. 2020 оны “MGL-1FC” сорил тулаанд 3 өрсөлдөгчид бүгд шууд бууж өгсөн бөгөөд 2020 оны “MGL-1FC” 14 дүгээр тэмцээнд Эрдэнэт хотын “Зэвдожо”-ны тамирчин Ц.Пүрэвсүрэнг боох мэхээр ялан одооогийн байдлаар 4 ялалттай явж байна. Дасгалжуулагч Багш ОУХМ Д.Төрбат
“Фүкү Фүүдс”ХХК, “Голдан стар”-ын тамирчин Бат-Ирээдүй овогтой Цэндсүрэн. Өндөр 170 см 22 настай. 2010 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн, боксын суурьтай тамирчин. “MGL-1 FC”-д нийт 4 тулаан хийснээс гарын хүнд цохилт буюу КО-оор 2 удаа, техникийн илт давуугаар 1 удаа, өчиг боолтоор 1 удаа ялалт авсан. Хамгийн сүүлд “MGL-1 FIGHT NIGHT” 3 дугаар тэмцээнд БГД-ийн Спорт хорооны тамирчин Б.Алтанцацралыг 3-р үеийн 4.30 секунд-д ТКО буюу техникийн илт давуугаар ялж 4 ялалт, нэг ч ялагдалгүй явж байна. Дасгалжуулагч багш ОУХМ Г.Ганзориг
Говь-Алтай аймгийн Есөн булагт төрсөн. 2016 Улаанбаатар хотод ирж, “Ширэн бээлий” клубт бэлтгэлээ хийж эхэлсэн. Цэрмаа овогтой Отгонбаяр 168 см өндөр, 27 настай. MGL-1 FC сорил тулаан болон бусад тулаанд ээлж дараалан 3 удаа ялалт байгуулж, одоогийн байдлаар ялагдалгүй явж байна. Тус тамирчин барилдах урлагтай бөгөөд өрсөлдөгчөө доороо оруулан гарын хүчтэй цохилтуудаараа ялалт байгуулдаг. MGL-1 FC 13 дугаар тулаан дээр “Наадам Центр”-ын тамирчин Сайханбилэгийг шүүгчдийн саналаар ялж 3 ялалттай болсон. Дасгалжуулагч багш Боксын ОУХМастер Д.Төрбат
-93 кг жинд Баянхонгор аймгийн төрсөн Туул овогтой Намнанбаяр 180 см өндөр, 23 настай Бөхийн спортоор Баянхонгор аймагт аймгийн заан Шагдарсүрэн багшийн удардлаган доор хичээлж эхлэсэн. 2016 онд Сумын начин цол хүртсэн MGL-1 FC сорил тулаанд өрсөлдөгчөө боолтоор ялалт байгуулсан тамирчин.
Нийтэлсэн: У.Баярсайхан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна