Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангасан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүдийн хэмжээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж ажилласан. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 99.2 хувийн биелэлттэй байгааг хотын Ерөнхий менежер хэлэв. Улмаар цахилгаан дулаан хангамж, усан хангамж,ариутгал, үерийн далан хангамж болон автозамын чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр өглөө.
Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид халтираа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ.
Тодруулбал, нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар нийт 813 тонн давс, 443 тонн бодис байсныг нэмэгдүүлж, аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 3227 тонн давс, 4175 тонн бодис нөөцлөөд байна. Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд зам, замын байгууламжид халтираа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1976 тонн давс, 3996.5 тонн бодис хэрэглэж байжээ.
Харин дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн энэ хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, цахилгаан халаалтад хамруулж, гэр хорооллын зарим хэсгийг төвлөрсөн дулаанд холбосон байна. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг гурван сарын турш зохион байгуулжээ. Энэ онд сайжруулсан түлшний 484 борлуулалтын цэг, 30 хангамжийн бааз ажиллах бөгөөд дундын 35 баазад нийт 95 мянган тонн түлш нөөцлөөд байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна