ЦЕГ: Цахим орчинд худал мэдээлэл тараасан иргэдийг шалгаж байна

ALs
2020 оны 11-р сарын 07 -нд

Цахим орчинд БНХАУ-ын иргэдтэй холбоотой мэдээлэл тараасан хоёр иргэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 1989 онд төрсөн эмэгтэй О, 1972 онд төрсөн эрэгтэй Г нар нь цахим хуудсаар дамжуулан иргэдэд худал мэдээлэл тарааж, албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжлон тавьсан шаардлагыг эсэргүүцэж, үйл ажиллагаанд саад учруулсан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Дээрх иргэд цахим хуудастаа шөнийн цагаар нууцаар олон тооны БНХАУ-ын иргэдийг Монголд оруулж ирж буй бөгөөд цэргүүд байх магадлалтай хэмээн хардаж буй талаараа лайв хийжээ. БНХАУ-ын иргэдийг олон тоогоор хил нэвтрүүлсэн гэх асуудалд ЦЕГ-аас “Ерөнхийлөгчийн 10-р зарлиг, Хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоох тухай Засгийн газрын тогтоолууд, УОК-ын шийдвэрүүд, Монгол Хятадын боомтын ногоон гарцыг хэрэгжүүлэх түр журам, зорчигчийг улсын хилээр түр нэвтрүүлэх журмыг үндэслэн худалдаа ложистек үйлдвэрлэл хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох гадаад инженер, техникийн ажилтнуудыг түр хамгаалах байранд хүргэх хугацаанд цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна