Жо Байден сонгогчдын саналын тоогоор Пеннсилвани мужид давамгайлж байна

ALs
2020 оны 11-р сарын 07 -нд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үлдсэн таван мужид үргэлжилж байна. Одоогоор АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгогчдын төлөөллийн 264-н саналтайгаар тэргүүлж байна.

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч хэн болохыг тодорхойлох сонгогчдын төлөөллийн олон саналтай Пеннсилвани мужид Жо Байден өрсөлдөгч Доналд Трампаас саналын тоогоор 3 хувиар тэргүүлж байна. Шийдвэрлэх муж гэгдэж байгаа Пеннсилванид сонгуулийн санал тооллого одоогоор 98хувьтай байна. Пеннсилванид тэргүүлснээр Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулах магадлал улам өслөө гэж олон улсын гол хэвлэлүүд мэдээлж байна.

Хэрэв Жозеф Байден сонгогчдын төлөөллийн 20саналтай Пенсилвани мужид ялалт байгуулбал тэрээр Цагаан ордны тэргүүн болоход авах шаардлагатай 270 саналыг бүр давуулж авах юм. Мөн Жо Байден одоогоор Жоржиа, Невада, Аризона зэрэг мужуудад саналын тоогоор тэргүүлж байна. эдгээр дөрвөн мужид хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү бага хувьтай явж байна. Харин Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Доналд Трамп сонгогчдын төлөөллийн 15 саналтай Хойд Каролина, 3саналтай Аляск мужуудад өрсөлдөгчөөсөө давуу саналтай байна. Жоржиа мужид хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү нийт саналын 0,5 хувиас дотогш гарвал ялагдаж байгаа нэр дэвшигчийн хүсэлтээр саналыг дахин тоолох магадлалтай гэж мужийн албан тушаалтан мэдэгджээ.

Дахин тоолох асуудал Пенсилвани мужид бас гарч магадгүй юм байна. учир нь Бүгд найрамдах намынхан сонгуулийн маргааш ирсэн шуудангийн саналыг шалгах хүсэлтийг АНУ-ын дээд шүүхэд тавьж байгаа юм байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп шуудангаар ирсэн уг саналууд хүчингүй, хууль бус гэж үзэж байгаа. Тэрээр баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ өөрийнх нь баг санал тоолоход гарсан зөрчлийг арилгахын тулд бүх талын хууль дүрмийг ашиглах болно гэж мэдэгджээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден орон нутгийн цагаар баасан гарагийн үдэш ард түмэндээ хандаж үг хэлэх гэж байгаа юм байна. Тэрээр өмнө нь хийсэн мэдэгдэлдээ санал тооллого дуусмагц ялалтаа зарлана гэдэгтээ эргэлзэхгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна