ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар явуулын, бүрэн тоноглосон хоёр дахь авто лабораторийг хүлээн авлаа

ALs
2020 оны 11-р сарын 10 -нд

Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг Монгол Улсад 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй чиргүүлтэй КАМАЗ автомашинд суурилуулсан бүрэн тоноглогдсон явуулын авто лабораторийг хүлээн авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтод боллоо. Тус авто лабораторийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тэргүүтэй баг бүрэлдэхүүн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хүлээн авлаа.

Иж бүрэн тоноглогдсон явуулын авто лаборатори нь 932 сая төгрөгний үнэ бүхий 23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээ оношилгоог хээрийн нөхцөлд хийх хүчин чадалтай юм. Уг авто лаборатори нь зоонозын халдварт өвчнүүдийн болон дэлхий дахинд цартахал болоод буй (COVID-19) халдварын лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Алтанбулаг дахь гааль, Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж байна.Мөн лабораторийг нийлүүлсэн ОХУ-ын ЗГ, арга хэмжээг зохион байгуулсан Эрхүү хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.В. Балахонов болон түүний багт манай эмч, мэргэжилтнүүд талархал илэрхийллээ.  Эх сурвалж: ЭМЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна