Б.Махбалд оноосон 11 жилийн хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээжээ

ALs
2020 оны 11-р сарын 10 -нд

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлэжээ.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийн тухайд сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэрэгт холбогдсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна