Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайдын хамт Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлэг болон СХД-т баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцжээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүмүүс ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэрэв ачаалал нэмэгдэж халдвар авсан иргэдийн тоо өсвөл энэ хоёр эмнэлэгт шилжүүлэхэд бэлэн гэсэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах хүч, халдвар хамгааллын бэлэн байдал гээд бүгд бүрэн хангагдсан. Эхний ээлжид 500 хүн хүлээж авах ор бэлэн. Шаардлагатай гэж үзвэл энэ тоог 1000 хүргэх нөөц бий.
Мөн өчигдөр УОК хуралдаж Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Зорчигч тээврийг зохицуулах түр журам” батлагдаж, журмын дагуу Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, орон нутгаас мөн Улаанбаатар хот руу нэвтрэх иргэд бүгд шинжилгээнд хамрагдаж нэвтэрнэ. Өнөөдрийн 16 цагийн байдлаар гэхэд хөдөө орон нутаг руу 86 мянган иргэн, орон нутгаас Улаанбаатар хот руу 5300 иргэн зорчихоор хүсэлтээ гаргажээ. Нарийн зохион байгуулалт болон журмын талаар өнөөдөр мөн Улсын онцгой комисс мэдээлэл хийлээ. Эхний ээлжид 21 аймгаас 16 аймагт шинжилгээнд хамрагдсан иргэдийг зорчуулах ажлыг зохион байгуулна. Хөдөлгөөн нээхгүй 6 аймагт халдвар гарсан Сэлэнгэ, Дархан, Орхон, Говьсүмбэр, Дорноговь гэсэн таван аймаг багтаж байна. Дээр нь стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт Өмнөговь аймаг нэмэгдэж байна. Энэ аймгуудын нэвтрэх хөдөлгөөнийг 12-р сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна Шадар сайд энэ долоо хоногийн эхэнд Улсын онцгой комиссын дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл “Ковид-19” цар тахалын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн сошиалд хамгийн идэвхитэй уриалга, зөвлөгөө хүргүүлж, гадаадын туршлага мэдээлэл арвинтай “Оном сан”-гийн эрдэмтэн судлаачидтай ч онлайнаар холбогдож, судлаачдын ирүүлсэн бодлогын зөвлөмжүүдийг ажилдаа тусган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Шадар сайд Я.Содбаатар бүх нөөц боломжоо ашиглаж, дэлхийд нүүрлэсэн цар тахалын энэ хүнд үед эрдэмтэн судлаачдын мэдээлэл, судалгаанд үндэслэн маш сайн ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна