"Онцгой дэглэм тогтоосон өдрөөс иргэний үнэмлэхийн хугацааг сунгах 30 хоног нь дууссан бол торгууль тооцохгүй"

Отгоо
2020 оны 11-р сарын 28 -нд

Монгол Улсын иргэн 16 насанд хүрч иргэний үнэмлэхээ анх удаа авах, 25, 45 насанд сольдог.

Тэгвэл дээрх шалтгаантай иргэд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн иргэнээ үнэмлэхээ авч, сунгуулах болон хугацаандаа аваагүй тохиолдолд торгуулийг хэрхэн тооцох талаар УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн дарга Г.Хэрлэнгээс тодрууллаа.

Тэрбээр "16 насанд хүрч иргэний үнэмлэх авах болон 25, 45 насанд сунгах, солих тохиолдолд заавал хурууны хээ уншуулж, бүртгүүлэх ёстой. Ингэж бүртгэх гэхээр  ЭМЯ-ны зөвлөмжийг зөрчих тул одоогоор энэ бүртгэлийг хийхгүй байна. Түр завсарласан гэж ойлгож болно. Хөл хорио тавигдвал иргэд очоод сунгалтаа хийлгэж болно. 

Хуулийн дагуу тухайн иргэн 30 хоногийн дотор сунгалтаа хийх боломжтой. 

Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 11-нээс хойш буюу онцгой дэглэм тогтоосон өдрөөс хойш иргэний үнэмлэхийн хугацааг сунгах 30 хоног нь дууссан бол торгууль тооцохгүй. Харин арваннэгдүгээр сарын 11-нээс өмнө 30 хоногийн хугацаа нь дууссан бол торгуулиа төлнө. 30 хоног нь хэзээ дууссанаа ялгаж ойлгох хэрэгтэй. 

Мөн УБЕГ-аас 21 аймаг, нийслэл болон дүүргүүдэд байнгын ажиллагаатай лавлах утас ажиллуулж зөвлөгөө мэдээллийг өгч байна.” гэв.

Иргэний үнэмлэхийг 25, 45 нас хүрсэн иргэнд тухайн насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сольж олгохын зэрэгцээ овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хүйс өөрчлөгдсөн, эсхүл дүр төрхийн өөрчлөлт орсон бол сольж олгох зохицуулалттай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна