Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Отгоо
2020 оны 11-р сарын 28 -нд

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.

Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх тов гарчээ.

Ирэх мягмар гарагт Хууль зүй, Төсвийн байнгын хороод, лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцэн, үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм.

Төсөвт хориг тавьсантай холбоотойгоор уг асуудлыг 14 хоногт багтаан хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байгаа юм.

Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотойгоор Сангийн сайд мөн байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ "Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна