Шалгалтаар 8н хэсгийн ахлагч өөрийн хаяг дээрээ хүнсний талон авсан байна

Отгоо
2020 оны 11-р сарын 28 -нд

Хүнсний талон, тусламжийг зорилтот бүлгийн хүмүүст хүргэх ёстой хороо, хэсгийн ахлагч нар хүнсний талон, тусламжийг өөрөө, ах дүүстээ авдаг талаар иргэдээс гомдол ирсэн тул Баянзүрх дүүргийн ИТХ-ын гишүүн Ж.Энхбаатар өөрийн сонгогдсон  дүүргийн дөрөвдүгээр хорооны 18 хэсгийн ахлагч нарын ажилд хяналт, шалгалт хийжээ.

Ингэхэд найм нь өөрийн хаяг дээр хүнсний талон авдаг, мөн КОВИД-19-ийн хорио тогтоосон энэ үед улсаас өгч байгаа тусламжаас өөрсдийгөө зайлшгүй авах шаардлагатай гэсэн судалгаа гаргаж өгсөн байжээ.

Энэ талаар БЗД-ийн ИТХ-ын гишүүн Ж.Энхбаатартай утсаар холбогдож тодруулахад “Манай дөрөвдүгээр хороо 16 мянган хүн амтай, том хороо. Манай хороонд нийт 122 хүн хүнсний талон авдаг. Үүнээс найман хэсгийн ахлагч өөрсдийн хаяг дээр хүнсний талон авдаг болох нь тогтоогдсон. Хэсгийн ахлагч нар 500 гаруй мянган төгрөгийн цалинтай. Энэ хэмжээний цалин авдаг хүмүүс хүнсний талон авах хэмжээний амьдралтай гэж бодохгүй байна. Халамж, үйлчилгээний хэлтсээс гаргасан судалгаагаар бол 290-өөс доош оноо авсан иргэд хүнсний талон авах ёстой байдаг. Иймд эдгээр хэсгийн ахлагч нар мэдээлэлд ойр байгаагаа ашиглан ямар байдлаар хамгийн бага оноо авч болох вэ гэдгийг мэдэж, зохицуулдаг байх. Одоо ажлын хэсэг байгуулан, БЗД-ийн хэмжээнд энэ асуудалтай холбоотойгоор шалгалт явуулахаар болоод байна" гэлээ.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна