УЛААНБААТАР, АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ АЙМАГТ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 10 ХОНОГ СУНГАНА

ALs
2020 оны 11-р сарын 30 -нд

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан бусад аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд халдвараас сэргийлэх, тархалтыг зогсоох зэрэгтэй холбоотой ямар арга хэмжээ /худалдаа, үйлчилгээ, аймаг доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт/ авч хэрэгжүүлэхээ тухайн аймгийн Онцгой комисс, Засаг дарга шийдвэрлэх юм.

Гэхдээ олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг орон даяар хориглосон хэвээр байна. Төрийн болон хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аймаг хооронд, хот хооронд хөдөлгөөнийг хязгаарлах зэргийг сайд нар болон агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Дараах 18 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана.
- Эрчим хүч
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
- Банк, санхүү, хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
- Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
- Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
- Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
- Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
- УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй.

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын ээлжийг 21 хоног болгож, тухайн аж ахуйн нэгжүүдийнх нь саналд үндэслэн ээлж солих хуваарь гаргаж эхэлжээ. Уурхайчид тусгайлсан цэгүүдэд шинжилгээ өгсний дараа ээлжээ солилцох юм.

Гадаад улсад байгаа иргэдийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан 10 хоногт татаж авахгүй. Энэ хугацаанд бүх тусгаарлах байранд шалгалт хийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөх нөхцөл бүрдүүлэх, “нэг өрөө-нэг хүн, нэг өрөө-нэг гэр бүл” гэсэн зарчим барихаар төлөвлөжээ.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.40
    2020 оны 12-р сарын 01 -нд

    тогтоол шийдвэр нь албажиж гарсан уу

    Хариулах