Тусгай үүргийн нислэгийг XII/11-нийг хүртэл үйлдэхгүй

Отгоо
2020 оны 11-р сарын 30 -нд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Тухайлбал, тусгай үүргийн нислэгийг 12 дугаар сарын 11-нийг хүртэл үйлдэхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Тэрээр "Тусгай нислэгийг ойрын 10 хоногт авахгүй. Энэ нь гадаадаас ирэх гэж буй иргэдээ бодохгүй байгаа юм биш. Гол нь тусгаарлах байрны нөөц боломжоо харгалзан үзэж буй юм. Тусгаарлах байруудад ойрын хавьтлын 8000 гаруй иргэдээ аваад байна. Тэдгээрийн давтан шинжилгээг хийж дуусаад халдвар илрэхгүй бол тусгай нислэг үйлдэнэ. Эрдэмтдийн зөвлөснөөр ойрын хавьтлын иргэдийн ажиглалтын 14 хоногийг дуусгаад, байруудаа сулласны дараа нислэг үйлдэх боломжтой. Мөн тусгаарлах байруудтай холбоотой асуудлыг цэгцэлнэ. 8-10 дугаар сард хэд хэдэн шалгалт хийсэн. Зөвхөн есдүгээр сард гэхэд л 10 гаруй газрыг хаасан. Харамсалтай нь "Энхсаран" сувиллаас эхлээд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байна. Үүн дээр эхнээсээ эрүүгийн хэрэг үүсчихсэн. Цаашид бид гадаадаас иргэдээ татан авахдаа халдвар хамгааллыг чанд мөрдүүлэх бөгөөд нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг баримтална. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, бүх тусгаарлах байранд дахин үнэлгээ хийж байна" гэлээ.

Мөн тэрээр "Монгол Улсад нийт батлагдсан 784 тохиолдол бүртгэгдсэнээс 341 нь дотоодод гарсан. Бид өнгөрсөн 19 хоногт бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээгүй бол 3400 хүн өвчилсөн байх магадлалтай гэж эрдэмтэн судлаачид дүгнэсэн. Дотоодод халдвар гарснаас хойш зарим бүс нутаг 0 зогсолт хийх хүртэл арга хэмжээг авсан" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна