ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс онлайнаар хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээллийг цуглуулж эхэлсэн. ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа цахим хэлэлцүүлгийг нээж, НМЗТ-ийн эмч С.Өнөрсайхан ЭМС-ын 2016 оны А/187 тоот тушаалын хэрэгжилт, ТСА-ны эмч Г.Батзул 2020 оны эхний 9 сарын хүүхдийн нүдний эрүүл мэндийн байдлын танилцуулга, ЭХЭМҮТ-ийн НМЗТ-ийн эрхлэгч Г.Нансалмаа “Нярайн нүдний эмгэгийн эрт илрүүлэг” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэнд, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн эмнэлгийн нүдний эмч, сувилагч бүхий 80 эмч, мэргэжилтэн Zoom-р холбогдов.
Хүний амьдралын чанарыг байнга дээшлүүлэх, хүүхдийг харааны эрсдэлээс сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, халамжинд орох асуудлыг багасгах асуудал бол эмч, эмнэлгийн ажилчдын чанарын нэг гол үзүүлэлт байдаг. Монгол улсад нүдний тусламж үйлчилгээний бүх технологи бий болсон гэж үзэж байгаа учраас хүүхдийг төрөхөд нь хүндрэлүүдийг эрт илрүүлж, оношлох, эмчлэх, хяналтанд авах, нас бүрт нь тохирсон урьдчилан сэргийлэх үзлэг хийж, нүдний програм хангамжинд үзлэг бүрийг шивж оруулж байхыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа сануулав.
ЭХЭМҮТ-ийн НМЗТ-ийн эрхлэгч Г.Нансалмаа нүдний угийн улаан рефлекс шалгах багаж (офтальмоскоп)-аар аймаг, дүүргийн нүдний эмч, сувилагч нар нярай бүрийг нүдний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулан, өрхийн эмч, сувилагч, нярай, хүүхдийн эмч бүрт зааж сурган сул хараа, сохролд хүргэдэг эмгэгийг эрт илрүүлэн, нүдний эмчид илгээж хэвших талаар уриаллаа. Энэхүү арга нь тусгайлсан орчин шаарддаггүй, энгийн, сурахад хялбар учраас хүүхэн хараа орчмын эмгэгүүд, эвэрлэг, болор, торлогийн эмгэг, хугарлын гажиг зэрэг эмгэгийг эрт илрүүлэн, урьдчилан сэргийлэх, цаашилбал нийгэм, эдийн засаг, хүүхдийн сэтгэн бодох чадвар зэрэгт онцгой ач холбогдолтой болохыг онцоллоо.
Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна