Нийгмийн сүлжээнд хуванцар хог хаягдлыг пресслэн шахах төхөөрөмжийн үнэтэй холбоотой мэдээлэл гарсан. Нийлүүлэгч Сан-Оргиу компани албан ёсны мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг уншигч танд бүрэн эхээр нь хүргэж байна.
Манай Сан-Оргиу ХХК нь БОАЖЯ-ны 2020 оны 04 дүгээр сарын 27 өдрийн tender.gov.mn цахимаар нээлттэй зарласан “Хаягдал хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмж орон нутагт нийлүүлэх” БОАЖЯ/202002031 дугаартай тендерт 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр оролцож шалгарсан. Бид 2020 оны 6 сарын 25-ны өдрийн ОББҮХ2020-68 дугаартай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болсон. Энэхүү пресслэгч тоног төхөөрөмж нь 60 тонны даралттай, 2 шавхуургатай автомат бөгөөд тус тоног төхөөрөмжийг дагалдуулж 22 тонн боодлын төмөр утас хамт нийлүүлж байгаа. Тус төсөвт өртөгт 22 ширхэг тоног төхөөрөмжийн гаалийн татвар, гадаад болон дотоод тээврийн зардал, даатгал, ажиллах хүчний зардал, НӨАТ, тохируулан зүгшрүүлэх засвар үйлчилгээ зэрэг зардлууд орсон. Уг төхөөрөмжийг бид 16 аймаг, 6 улсын тусгай хамгаалалттай газрууд буюу нийт 22 байршилд тусгай зориулалтын механизмаар өргөгч кранаар хүргэж өгөх үүрэг хүлээж байгаа бөгөөд 2 жилийн баталгаа гаргаж тус баталгаат хугацаанд засвар үйлчилгээг хариуцаж ажиллах гэрээнд заасан үүрэг хариуцлагыг хүлээж байгаа билээ.
Мөн бид бүхэн холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна