Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН : Бид дэглэмээ сайн мөрдөхгүй бол цар тахлын ХОЁР дахь давалгаа хүлээж байна

Отгоо
2020 оны 12-р сарын 09 -нд

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.

Манай улсад коронавируст халдварын 888 батлагдсан тохиолдлоос 43.1 хувь зөөвөрлөгдсөн, 384 хүн эдгэрсэн бөгөөд тэдний 84 хувийн ажиглалт, тандалт бүрэн дууссан байна. Дотоодын халдвартай холбоотой 505 хүн өвчилсөнөөс 26 хүн эмчлэгдэн эдгэрч дараагийн хяналтад шилжсэн. ХӨСҮТ-д 273, Цэргийн төв эмнэлэгт 213, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 8 эмчлэгдэж байна. Коронавирусийн халдвартай 60-аас дээш насны ахмадууд, архаг суурь өвчтэй үйлчлүүлэгчид эмнэлзүйн хувьд хүндрэх эрсдэл их байна. Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу явцын үнэлгээг 2020 оны 12-р сарын 06-ны өдөр хийхэд коронавируст халдвар (КОВИД-19) дотоодод тархах “Өндөр эрсдэлтэй” гэж үнэлсэн.

Хөл хорио ба түүний үр дүн:
• ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоход 2020 оны 12 дугаар сарын эхний 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх эрсдэлт тохиолдолоос 2.9 дахин, Сэлэнгэ аймагт 85 тохиолдлоор, Дорноговь аймагт 2.8 дахин бага байсан нь Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлыг тогтоож хариу арга хэмжээ авсны үр дүн хэмээн үзэж байна.
• Бид нэг тохиолдлын халдварлуулах дундаж хүний тооны өөрчлөлтөөр хөл хорионы үр дүнг тооцоход Улаанбаатарт хөл хорио эхлэх үед халдвартай 1 хүн 4 хүнд, Сэлэнгэ аймагт 8 хүнд халдвар тараах эрсдэлтэй байсан бол хөл хорионы дүнд халдварлалтын түвшин 1 буюу түүнээс доош болж буурсан.
• “Ковид-19 халдварын үеийн Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал”-ын судалгаагаар хариу арга хэмээний үр дүнд хүн амын 1 хувьд халдвар тархсан тохиолдолд 80.7 тэрбум, харин 5 хувьд халдвар тархахад 464.7 тэрбум, 10 хувьд нь тархахад 1.1 их наяд төгрөгийн эдийн засгийн дарамт учрахаас сэргийлжээ. Хариу арга хэмжээг эрт авснаар хүн амын дунд Ковид-19-с шалтгаалсан нас баралт тохиолдоогүй бөгөөд хүн амын дунд 1 хувьд нь тархсан бол 12.685 хүн жил, 5 хувьд тархахад 63.429 хүн жил 10 хувьд тархахад 126.859 хүн жил алдах байснаас сэргийлжээ.

Гэхдээ бид тайвшрах болоогүй ээ. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй бол цар тахлын ХОЁР дахь давалгаа ирэх оны 2 дугаар сараас эхлэх магадлалтай байна. Тиймээс цаашид эрүүл мэндийн салбарт дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

1. Лабораторийн хүчин чадлыг үндэсний хэмжээнд нэмэгдүүлэх. Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Архангай, Баян-өлгий, Өмнөговь аймгуудад Молекул биологийн лабораторийг байгуулах эх үүсвэр хөрөнгийг шийдэж бэлтгэл ажлыг хангасан. Цаашид 7 аймаг болон дүүргүүдийн эмнэлгүүдэд молекул биологийн лаборатори шинээр байгуулахаар ажиллаж байна.
2. АНУ-аас 50, Дэлхийн банкнаас 205, нэмэлт 105 ширхэг амьсгалын аппаратыг аймаг, ДНЭ-д хувиарлан ашиглана . Ингэснээр нийтдээ лавлагаа шатлал, аймаг, дүүргийн ЭМБ-ыг 540 амьсгалын аппаратаар ханган амьсгал, зүрх судасны болон шаардлагатай тусламжийг үзүүлэх боломжтой болно.
3. Томуугийн харуулдан тандалтын нэгж болон эмнэлэгт суурилсан цэгүүдийн тоог 173 болгон нэмэгдүүлж, Ковид -19 халдварыг хүн ам, зорилтод бүлгүүдийг хамруулсан тандалтыг өргөжүүлнэ.
4. Ковид-19 халдварын тархалтын үе шатны шинэчилсэн аргачлалын дагуу аймаг, сум бүрээр гарган нөөцийн бэлэн байдлыг хангах ялангуяа орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарна. Ковид-19 халдварт өртөх гол эрсдэлт бүлэг болох ахмад настан, эрүүл мэндийн салбарын ажиллагсад, архаг хууч эмгэгтэй үйлчлүүлэгч, нийгмийн эмзэг бүлгийг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
5. Нэн шаардлагатай байгаа тандалтын багийн тархвар судлаач, лабораторийн техникч, ариутгагч нарыг сумын түвшинд бэлтгэнэ.
Ковид -19 халдварын кластер голомтыг хумих, хязгаарлах хариу арга хэмжээг орон нутгийн онцлог, тархалтын төлөв, хандлагад нийцүүлэн салбар дундын хамтын ажиллагаа, хариуцлагад тулгуурлан улам эрчимжүүлэн ажиллана.

.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна