​ Я.СОДБААТАР: ТӨР, ИРГЭН, ААН-ИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ҮЕ ЭХЭЛСЭН

Отгоо
2020 оны 12-р сарын 15 -нд


Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатартай ярилцлаа.

-Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд хилээ хааснаар коронавирустэй тэмцэж эхэлснээс хойш 10 сар өнгөрчээ. Сүүлийн нэг сарын хугацаанд манай улс анх удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хориотой өдрүүдийг өнгөрүүллээ. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаагаас ярилцлагаа эхэлье.

-Арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар 5 тохиолдол нэмж бүртгэгдэж, Монгол Улсад коронавируст халдвар авсан хүний тоо 917 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол 383, дотоодын халдвар 534 байна. Үүнийг хувааж авч үзвэл, Улаанбаатарт 140, Архангай аймагт гурав, Говьсүмбэрт дөрөв, Дархан-Уулд 45, Дорноговь аймгийн Айраг, Зам-Үүдэд нийт 32, Орхонд 25, Сэлэнгэд 215, “Энхсаран” сувиллын тусгаарлалтад байсан 49, ХӨСҮТ-д 17, Цэргийн төв эмнэлэгт дөрвөн тохиолдол байгаа юм.

          Дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойших сар гаруй хугацаанд графикаар авч үзвэл арваннэгдүгээр сарын 23, 24-нд халдварын тоо хамгийн өндөр буюу 20-30 хүрсэн. Сүүлийн өдрүүдээс ажиглахад, халдварын тоо тогтворжиж байна. Улсын онцгой комиссын дэргэд Эрдэмтдийн зөвлөл, Эрүүл мэндийн сайдын дэргэд мэргэжлийн зөвлөлүүд ажилладаг. ХӨСҮТ-д тархвар судлалын мэргэжлийн баг ажиллаж байна. Ер нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дотоодын тохиолдол тогтворжиж, цурмандаа оруулсан гэж тооцоолж байна.

          Хамгийн анх халдварын голомт бол төмөр зам дагаж үүссэн. Нөгөөх нь “Энхсаран” сувиллаас эхлэлтэй буюу жолооч Д-гээс голомтолж гарсан гэж үзэж байгаа. Анхны эх үүсвэр нь тээврийн жолооч нар, Алтанбулаг боомтоос эхлэлтэй. Энэ хоёр тохиолдлоос цаашаа дэд тохиолдлуудын голомт гэж үзээд, салбарлаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 8000 гаруй, дам хавьтлын 40-өөд мянган хүнийг давтан шинжилгээнд хамруулж, тусгаарлан эмчилж байна. Нөхцөл байдал өнөөдрийн байдлаар харьцангуй тогтворжих хандлагатай байгаа ч цаашид хэрхэхийг тааварлахад хүнд, хэлэхэд ч хэцүү. Магадгүй дахиад дотроо дэлгэрэх, цаашдаа бүр хүнд нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Хамгийн хүнд буюу цар тахлын хэмжээнд, нийтийн дунд дэлгэрвэл яах вэ. Одоогийнх шиг голомтлон буюу кластерлан тархвал яах вэ. Эсвэл дотоодын халдвараа бүрэн барьж, нэмж илрэхгүй байх ямар боломж байна гээд 3-4 хувилбараар Улсын онцгой комисс хариу арга хэмжээ, төлөвлөлүүдээ хийж байна.

          Хөл хориог үе шаттайгаар сулруулж байна. Анх арваннэгдүгээр сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улсын хэмжээнд шилжиж байсан бол 12 дугаар сарын 01-ны өдрөс голомт илрээгүй 14 аймагт хөл хориог өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Харин Архангай, Сэлэнгэ, Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсэн. Уг арга хэмжээг үндсэндээ гурав хувааж авсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс буюу өнөөдрөөс Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдэж, бусад хэсгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байна.

          Хөл хориог үе шаттай сулруулсантай холбоотойгоор үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын ажиллах хуваарийг ч 3-4 үетэй сулруулахаар ажиллаж байна. Энэ сарын 14-нөөс үйлчилгээний буюу хязгаарлалтад ороогүй бусад салбарын үйл ажиллагааг нээлээ. Үлдэж байгаа, өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа саун, массаж, кароаке, баар, олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, кинотеатр зэрэг иргэдийн бөөгнөрөл бий болох магадлалтай салбаруудыг үлдээж, энэ сарын 24-ны өдрөөс дахин 8-9 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна. Он гараад өвчний тархалт, нөхцөл байдалтай уялдуулан үлдсэн зарим салбарыг ажиллуулахаар тооцоолж байна.

          Өнөөдрийн байдлаар нэг талдаа иргэдийн амьжиргаа, тэр дундаа өдрийн орлого, бизнесийн үйл ажиллагаагаар гэр бүлээ авч явж байгаа хүмүүсийн амьдрал хүнд байна. Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд орж байгаа учраас хүндрэлтэй зүйлүүд их гарч байна. Юутай ч халдварын тархалт тогтворжиж байгаа учраас хөл хориог сулруулж эхлээд байгааг ойлгоорой. Гэхдээ энэ цагаас эхлээд иргэд, аж ахуй нэгжүүдийн хариуцлагад түшиглэсэн тактик барих шаардлага гарч байна. Ард иргэд Засгийн газар, Улсын онцгой комисс, орон нутгийн удирдлагуудтайгаа хамтран ажиллах нь чухал. Нэг талаар төрийн, нөгөө талаас иргэдийн, аж ахуйн нэгжийн хариуцлага гэсэн тулгын гурван чулуу шиг хариуцлагын тогтолцоонд тулгуурлан хамтдаа байж энэ өвчний ард гарна.  Монголчууд бид “Ковид-19” гэдэг энэ “дайсан”-тай хамтдаа нэг зорилго, сэтгэл зүрхтэй байж тэмцэж, хохирол багатай даван туулна гэсэн бодолтой зүтгэж байна.


үх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон үед ямар ажлуудыг голлож хэрэгжүүлсэн бэ. Стратегийн бодлого, төлөвлөлт нь чухам юу байв?

-Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй, төлөвлөгөөнийхөө дагуу хариу арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүргэсэн гэдгийг олон улсын байгууллагууд үнэлж байгаа. Үүнээс гадна дотоодын мэргэжлийн эрдэмтдийн баг судалгаа хийж байна. Тухайлбал, МУИС, АШУҮИС, Гамшиг судлалын хүрээлэн зэрэг олон газар нарийвчилсан судалгаанууд хийлээ. Иргэдийн дунд цар тахал тархахаас урьдчилан сэргийлж чадсан гэж судалгаагаар дүгнэсэн. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн салбар, холбогдох байгууллагууд шийдвэртэй алхамуудыг цаг тухай бүрт авч чадсан учраас халдварын  тохиолдлыг 10 дахин бууруулсан гэж судлаачид дүгнэж байна. Үүнээс гадна илрүүлэлт, тандан судалгааны ажлыг эрчимтэй хийснээр халдвар нийтийн дунд буюу цар тахлын хэмжээнд очих байсныг зогсоож чадлаа.

          Цаашид анхаарах бодлогын зөвлөмжүүдийг байнга өгч байна. Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улсаараа шилжиж, 30 гаруй хоног ард иргэд, аж ахуйн нэгжүүд хатуу хөл хорионы зарчмыг хэрэгжүүллээ. “Ковид-19” өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд гарснаас хойш ийм нөхцөл байдал үүсэж магадгүй гэж цаасан  дээр буулгаж, тодорхой арга хэмжээ төлөвлөж, нөөцийг нь бэлдэж, иргэдээ сурган, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлд хөрөнгө оруулалтууд хийж, шат дараатай арга хэмжээ авч байсны хүчинд цар тахал нүүр тулаад ирэхэд цаг алдахгүй, шуурхай арга хэмжээ авах, хэрэгжүүлэх боломжууд бүрдсэн байсан. Хоёрт, дэлхийд Монгол Улс, манай Засгийн газар, ард иргэд нийтээрээ “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлж, хориглон хамгаалан, дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаа бол бидэнд бэлэн байдлаа хангах, нөөцөө бүрдүүлэх, коронавирустай холбоотойгоор дэлхий нийтэд авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай шийдвэрүүд гаргах, улс орнуудын алдаж, онож байгаа сайн туршлагууд зэргийг бэлэн авч ашиглах боломжийг бүрдүүлсэн.

          Өнгөрсөн нэг сарын хугацаа биднийг хэрхэн бэлэн байдалд байв, ямар үр дүн авчрав гэдгийг харуулсан. Тухайлбал, халдвар авсан иргэнийг QR код ашиглан хөдөлгөөнийг хянахын зэрэгцээ иргэдэд зөв мэдээлэл хүргэх, ялангуяа халдвар авсан хүнтэй ямар нэгэн орчинд хамт байсныг урьдчилан мэдээлэх системийг дэлхийн 40 гаруй улс оронд ашиглаж байна. Монгол Улс и-баримт дата баазад тулгуурлан үүнийг хөгжүүлэн, QR.119.MN гэсэн цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн.

          Цаасан дээрх төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд олон асуудал гарч ирсэн. Мэдээж ерөнхий бодлого, стратегийн тактикийн хувьд том алдаа гараагүй. Гэхдээ хэрэгжилтийн шатанд хүний хүчин зүйлээс хамаарсан олон алдаа гарсан. Үүнийхээ төлөө Молгол Улсын Засгийн газар уучлалт хүссэн. Энд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой, эрүүл мэнд, хил гааль гээд төрийн нэрийн өмнөөс 10 мянга гаруй хүн анхан болон дунд шатанд ажилласан. Тэдний харилцаа, хандлагаас шалтгаалсан алдаа гарсан. Нийслэлийн болон аймгуудын онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба, шуурхай бүлгүүд ажиллахдаа уялдаа холбоогүй, үйл ойлголцсон, харилцан мэдээлэл дутмаг байсан зэргээс ажлын алдсан зүйлүүд бий.

Энэ хугацаанд хэрэгжүүлсэн 3-4 арга хэмжээг онцолъё. Нэгдүгээрт, гарсан өвчнийхөө голомтыг ын тулд Сэлэнгэ аймгийн өвчлөл гарсан сум Алтанбулаг, Сүхбаатар, Зүүнхараад бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг түргэвчилсэн болон PCR-аар авсан. Хоёр дахь шатанд Сүхбаатар хотын өрх бүрээс нэг хүнийг энэ өдрүүдэд шинжилгээнд хамруулж байна. Дархан-Уул аймагт голомтолж гараагүй ч ойрын болон халдвар авсан иргэд зорчсон учраас “ТЭГ” зогсолт хийсэн. Эхлээд тандан судалгаагаар 20-иод мянган иргэнээс шинжилгээ авсан. Дараа нь Дархан-Уул аймгийн 28 мянган иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Харин Орхон аймагт төмөр зам дагаж халдвар гарсан учраас энэ салбарын ажилчдыг шинжилгээнд хамруулах хүрээнд улсын хэмжээнд таван аймгийн 15 мянга гаруй алба хаагчийг шинжилгээнд хамруулсан. Ялангуяа Замын-Үүдийн иргэн бүрийг шинжилгээнд хамруулсан.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн бүх ажилчныг шинжилгээнд хамруулсан. Ер нь экспортод чиглэсэн аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтад авах, эрсдэлгүй, эрүүл бүс болгон зарлах, өндөржүүлсэн хамгаалалтад авах, онцгой дэглэм тогтоох үүрэг өгсөн. Мөн өмнөд бүсийн тээврийн олон жолооч, уурхайн үйлдвэрийн ажилчдыг шинжилгээнд хамруулах, тэр бүс рүү хийх хөдөлгөөнийг хязгаарлах, хүчитгэсэн хамгаалалт гаргах зэргээр улсын хэмжээнд уул уурхайн 23 компанийн үйл ажиллагааг хэвийн хангахын зэрэгцээ халдвар хамгааллын онцгой дэглэм тогтоолоо.

Архангай аймагт Батцэнгэл сумын иргэдийг бүрэн шинжилгээнд хамруулсан. Мөн нийслэлд ойрын болон дам хавьтал, халдвар гарсан хорооны иргэдийг эхний ээлжид шинжилгээнд хамруулаад байна. Нийтдээ сайн дурын 18, хөдөө, орон нутгийн иргэдийн шинжилгээ авах 20, Улаанбаатарын өрхийн эмнэлгүүдээр дамжуулан шинжилгээ авах 100 гаруй цэг байгуулж 60 гаруй мянган хүнээс тандан судалгаагаар шинжилгээ авсан. Үүний дараа хамгийн эрсдэлтэй дүүрэг, хороог хамруулан өрх бүрээс шинжилгээ авлаа. Улаанбаатараас хөдөө, орон нутгийг зорих 70 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүгээр дамжуулан эрт илрүүлэлт, тандан судалгаагаар нийт өвчлөлийн зураглалыг гаргах томоохон ажил хийлээ. Улсын хэмжээнд нийт 600 орчим мянган хүнд шинжилгээ хийгээд байна.  

Хоёрдугаарт, салбар хоорондын зохион байгуулалтын ажлыг хангах чиглэлээр олон ажил хийлээ. Жишээлбэл, хүнсний хангамж, тээвэр зохицуулалт, эрчим хүч, хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол болон төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх эмзэг бүлгийн иргэд рүү илүүтэй анхаарал хандуулсан. Энэ чиглэлд 20 орчим ажлын хэсэг байгуулж, хяналт, шалгалт хийх, зарим үед асуудлыг газар дээр нь удирдах, шуурхай удирдлагаар хангалаа.

Гуравт, дараагийн бэлтгэл ажил, нөөц боломжуудад анхаарч ажилласан. Улаанбаатарт 9000 ор дэлгэх боломж бүрэн нээгдсэн. Энэ дагуу Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 300, Цэргийн төв эмнэлэгт 500 ор дэлгэж, хөнгөн болон хүнд өвчтөнүүдийг эмчилж байна.  Ойр дам хавьтлуудыг тусгаарлах байрууд болон гэрийн ажиглалтад байлгаж байгаа. Түүнчлэн лабораторын хүчин чадлын нэмэгдүүлэхийн тулд энэ сардаа багтаж PCR-ийн 20 орчим аппарат оруулж ирэхээр болж байна. Цаашид өдөртөө 100 мянган хүнд шинжилгээ хийх хэмжээнд хүргэх бодлого баримталж байгаа. 21 аймаг, есөн дүүрэг, хилийн томоохон боомтуудад ч PCR шинжилгээ авдаг болохоор зорьж байна. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, тэр дундаа голомтонд ажиллаж буй алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд сард нэг удаа  800 мянган төгрөгийн урамшуулал олгоод байна. Тодорхой салбаруудад тусгайлсан дэмжлэгүүд үзүүлсэн. Аймгуудын тусгаарлах байр болон бусад холбогдох зардлын дэмжлэг үзүүллээ.

Дөрөв дэх багц ажил бол нийгэм, эдийн засгийн асуудлуудтай холбоотой. Засгийн газар өнгөрсөн хавраас эхлүүлээд долоон багц буюу 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авсан. Халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор 23 арга хэмжээ авах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Үүнээс гадна УИХ-д хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан. Мөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг батлуулаад байна. “Ковид-19”-тэй холбоотой зарим зээл, тусламжийн гэрээнүүдийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Ингээд багцаар нь харвал, нийгэм, эдийн засаг руу чиглэсэн татварын хөнгөлөлтүүд үзүүлэх зэргээр УИХ, ҮАБЗ, Засгийн газар төрийн бүх шатанд зохих шийдвэрүүд гаргаж байгаа.

Тавдугаарт, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх чиглэлд Улсын онцгой комисс болон шат шатны байгууллагууд анхаарч байна. Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас эхэн үедээ өдөрт хоёр, зарим өдөрт гурван удаа өгч байсан. Тогтворжоод ирэхээр нь өдөрт нэг удаа өгч байна. Мэдээллийн орон зайг үнэн бодитой байлгаж, иргэдэд хүргэх нь чухал. Энэ нь эргээд төрдөө итгэх итгэлийг сайжруулж, өвчний эсрэг хамтдаа тэмцэх боломж бүрдүүлж өгдөг учраас үүнд онцгойлон анхаарсан.


-Орон нутгийн иргэдийг хотоос гаргах үеэр багагүй хэл ам үүсэж, хүндрэл, чирэгдэл учирсан. Мөн тусгаарлах байр, онцолбол, “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Хариуцлага тооцож байгаа юу?

-Хөдөө явах иргэдтэй холбоотойгоор хэд хэдэн асуудал үүссэн нь үнэн. Өнөөдрийн байдлаар 119.mn цахим хуудсанд 118 мянга гаруй иргэн бүртгүүлсэн байна. Тэдний 93 хувь нь PCR шинжилгээнд хамрагджээ. Шинжилгээ өгсөн иргэдийн 47.8 хувь нь хөдөө, орон нутаг руу буцсан. 50 хувь нь шинжилгээ өгсөн ч явж чадаагүй. Энэ чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлыг хэсэг ажилласан. Сүүлийн хэдэн жил Эрүүл мэндийн яамтай хамтарч ажилласан, Монголын мэдээлэл, технологийн боломжийн компанийн туршлагад үндэслэн 119.mn цахим хуудсыг гуравдугаар сараас хойш хөгжүүлж, энэ салбарын дотоод мэдээлэл солицох зорилгоор ашиглаж байсан. Үүнийг хөдөө, орон нутаг руу буцах иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр бүртгэхэд ашигласан юм. Ажлын хэсэг туршиж үзсэн. Анхны бүртгэлээр 30 гаруй мянган иргэн Улаанбаатараас явах, 10 мянга гаруй иргэн нийслэл рүү ирэх төлөвлөгөөтэй байсан. Албан ёсоор бүртгэл эхэлсэн арваннэгдүгээр сарын 27, 28-нд нэг өдөрт хандалт 70-100 мянгад хүрснээс цахим хуудас гацаж эхэлсэн. Улмаар бүртгэлийг гар ажиллагаанд шилжүүлж, үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч зохион байгуулахад хүрсэн. Программын саатлаас болж иргэдийн шинжилгээ цагтаа гараагүй, хамрагдаж чадаагүй, мэдээ мэдээллээ дутуу авах зэрэг алдаа гарсан. 20 цэгт шинжилгээ эхлүүлсэн ч иргэдэд буруу, зөв мэдээлэл очсоноос болж бөөгнөрөл үүссэн. Бүртгүүлсэн иргэдэд шинжилгээнд хамрагдах тодорхой цаг өгсөн ч хугацаанаасаа хоцрох, бүртгүүлээгүй иргэд ирсэн зэргээс болж ачаалал үүсэж, иргэдийг олон цаг гадаа зогсоосон. Үүнийг шийдвэрлэхээр шуурхай арга хэмжээ авсны үр дүнд ажил жигдэрлээ. Одоогоор өдөрт 20-30 хүн л шинжилгээ өгөхөөр ирж байгаа учраас шинжилгээ авах цэгүүдийг буулгасан. Одоо хуучин ажиллаж байсан сайн дурын 18 цэг болон зарим өрхийн эмнэлэгт шинжилгээ авч байна. Цаашдаа энэ зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Халдвар гараагүй бүсээс ирж байгаа иргэдээс асуумж авах байдлаар нэвтрүүлж эхэлсэн. Голомтод байгаа хүмүүс аймаг, сум руу орохдоо заавал PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэж байж хөдөлгөөнд оролцох шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлага нэг хэсэгтээ тавих байх. Тэгэхгүй бол өнөөдрөөс хөл хорио тавьсан гээд бүрэн чөлөөтэй явж болохгүй, тийм зүйл ч байхгүй. Эрсдэлээ тооцож, Эрүүл мэндийн яамнаас ирсэн зөвлөмжөө хариуцлагатай мөрдөх хэрэгтэй. Энэ бол нэг жишээ.

Иргэдийн бухимдуулж байсан өөр нэг асуудал бол тусгаарлах байртай холбоотой. “Ковид-19” гарсан цагаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ татаж авсан. Нийт 100 орчим удаагийн нислэгээр 27 187 иргэнээ татан авчээ. Ялангуяа долдугаар сараас зарим улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөн байгуулах байдлаар иргэдээ авчрахыг шаардаж, улс төрийн болон нийгмийн дарамт үзүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Засгийн газар ч иргэдээ дулаан цагт ахиухан татах бодлого барьсан. Энэ хүрээнд долдугаар сараас аравдугаар сард бид сард 5000 хүртэл иргэнийг татан авах ажил зохион байгуулсан. Ер нь тусгаарлах байр болон зохион байгуулалтын ажил амаргүй байсан. Үүнийг дагаад тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм алдагдсан. УОК-ын даргын хувиар есдүгээр сард зарим тусгаарлах байруудад өөрийн биеээр шалгалт хийж, тодорхой газруудын үйл ажиллагааг нь зогсоосон. Зарим ААН ч өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан. Ингээд наймдугаар сард 100 гаруй тусгаарлах байр байсан бол аравдугаар сард үндсэндээ 70 гаруй нь л үлдсэн. “Энхсаран” өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд тусгаарлах байрны шаардлага хангасан хэмээн сонгосон эхний таван байрны нэг юм билээ. Харуул хамгаалалтыг нь наймдугаар сард шинэчилж, өөрчилсөн ч хэд хэдэн шалгалтуудын хүрээнд үлдээд байсан юм билээ. Ингээд арваннэгдүгээр сарын эхээр “Энхсаран” сувилалд байгаа иргэдээс ирсэн гомдол, тухайн үед УОК-ын Шуурхай штабаас хийсэн шалгалтыг үндэслэн удирдлагад нь сувиллын үйл ажиллагааг хаах мэдэгдэл өгсөн. Үүнтэй давхцаад тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас голомтлон халдвар тархсан. Тиймээс тус сувилалд үүссэн асуудалтай холбоотойгоор УОК-ын даргын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж, шалгаж өгөхийг хүссэн. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд, одоогийн байдлаар 10 гаруй хүн холбогдон шалгагдаж байна. Энд эрх ашгийн зөрчил үүссэн, халдвар хамгааллын дэглэм алдагдсан асуудал бий. Үнэн, мөн нь тодрох байх.

Гуравдугаарт, иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэхдээ алдсан зүйл бий. Жишээ нь, шинжилгээний хариу цагтаа очдоггүй, мэдээллийг буруу авснаас болоод хууль хүчний байгууллага юм уу, хэв журам зохицуулж байгаа алба хаагчидтай сөргөөцөлдөх явдал нэлээд гарсан. Эдгээрийг тухай бүрт нь шийдэх, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцож, зохицуулалтууд хийсэн.


-Түр завсарлаад байсан тусгай үүргийн нислэгийг энэ сараас үйлдэж эхлэхээр болсон талаар тодтруулахгүй юу?

-Энэ сарын 15-наас тусгай үүргийн нислэгийг сэргээж байна. Эхний ээлжид Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэгээ явуулна. Энэ сарын хувьд дөрвөн нислэг хийчих болов уу. Үүнтэй холбоотойгоор бид тусгаарлах байруудад дахин мониторинг хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулан байгуулсан. Бид тусгарлах байранд тавих түр журмыг өөрчилж, шинэчилсэн. Энэ түр журмын хүрээнд тусгаарлах байруудаа дахин нэгбүрчлэн шалгаад, байр болгонд коридорыг нь хянах камертай, тэнд хөдөлгөөн илэрвэл зарлан мэдээллэх шугамтай, нэг өрөөнд нэг хүн, нэг өрөөнд нэг өрх гэсэн зарчмаа хатуу барин, хоол хүнс, тэнд байгаа халдвар хамгааллын дэглэмийг чанга мөрдөх шаардлагыг хатуу тавьж байна. Энэ хүрээнд хийсэн шалгалтын дагуу өнөөдрийн байдлаар эхний 32 байрыг тусгаарлах байраар ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргаад байна. Үүнд 2000 орчим иргэнийг хүлээж авах боломж бүрдлээ. Сая бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бид тусгаарлах байруудыг ойр дам хавьтлын хүмүүсийг байрлуулж ажиглах байраар ашиглаж байсан учраас гадаадаас иргэдээ татан авах ажлыг нэг сар гаруйн хугацаатай зогсоосон байсан. Хоёрт тусгаарлах байранд байх хоногийг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 14 хоног болгосон. Тусгаарлалтаас гараад гэртээ мөн долоо хоног тусгаарлагдана. ДЭМБ болон бусад олон улсын байгууллага “Ковид-19”-ийн нууц үе 14 хоногт илэрч байна гэсэн дүгнэлтийг сүүлийн өдрүүдэд хийгээд байна.


-Одоо иргэдийн хүлээж байгаа гол зүйл нь вакцин. Энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хүн төрөлхтөн коронавирусийн цар тахалтай нүүр тулснаас хойш үүнтэй дасан зохицож амьдрахаа өөр аргагүй болж байна. Үүнд бүх нийтийн вакцинжуулалт хамгийн чухал гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Энэ дагуу дэлхий даяар нийт 200 гаруй төрлийн вакцин хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс 10 вакцин сүүлийн шатанд буюу гурав дахь туршилтын шатандаа ороод, зарим нь үндэснийхээ бүртгэлд бүртгүүлж эхлээд байна. Жишээ нь, ОХУ, БНХАУ, Англи, Америкийн тус бүр нэг, Америк, Германы хамтарсан нэг буюу нийт зургаан вакциныг үндэснийхээ бүртгэлд бүртгүүлэх ажлууд явагдаж байна. Гэхдээ ДЭМБ-д бүртгэгдсэн вакцин одоогоор алга. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр вакцины бүртгүүлэх, вакцинжуулах ажил 2021 оны гуравдугаар улиралд хийгдэнэ гэж тооцож байсан бол хугацаа наашилж байна гэсэн таатай мэдээг сүүлийн үед өгч байна. ДЭМБ санаачлаад, олон улсын гол байгууллагууд оролцсон, вакцины COVAX гэсэн механизм бий болгосон. Үүнд нийт 184 орон нэгдэж байна. Үүнд Монгол Улс долдугаар сарын 16-нд нэгдсэн. Ядуу, баянаас эс хамааран дэлхийн хүн амын 20 хувийг жигд вакцинжуулах зорилт дэвшүүлсэн юм билээ. Манай улс ч COVAX механизмын хүрээнд нийт хүн амынхаа 20 хувийг вакцинжуулах шугамаар нэн хөнгөлөлттэй буюу үнэгүй вакцин авах боломж нөхцөл бүрдэх болов уу. Энэ бол 660 мянган хүнийг энэ хүрээнд вакцинжуулах бөгөөд сая гаруй тун вакцин ирэх байх. 18 нас хүртэлх хүүхдийг вакцинжуулах заалт одоогоор бүрэн бүртгэгдээгүй байна. Тийм учраас бид 1.3 сая хүүхдийг вакцинд хамруулахгүй. Цаана нь бидэнд 1.4 сая иргэнээ вакцинжуулах шаардлага гарч байна. Үүнийг хоёр тунгаар үзвэл гурван сая тун вакцин хэрэгтэй. Ерөнхий сайдын захирамж гарч, вакцинжуулалт, вакциныг Монгол Улсад нийлүүлэхтэй холбоотой асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлан ажиллаж байна. Нэгдүгээрт, шууд үйлдвэрлэгчидтэй цахим хурал хийх, мэдээлэл солилцох, үйлдвэрлэгч нартай тулж ажиллаж байна. Хоёрдугаарт, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд COVAX механизм болон бусад хүрээнд улс орнуудтай ярилцаж байна. Гуравдугаарт, хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлж, шууд үйлдвэрлэгч орон, хоёр хөрш улстай вакцины талаар мэдээлэл солилцох, нийлүүлэх гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Вакцинжуулахын тулд вакцинжуулалтын хөтөлбөр гардаг. Бид Засгийн газарт танилцуулаад, хөтөлбөрөө бэлэн болгож байна Удахгүй батална. Голомтонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудаасаа эхлээд өндөр настан, ахмадууд, хамгийн эрсдэлт бүлэгт орж байгаа суурь өвчтэй хүмүүс гэх мэтээр 10 үечлэлд хувааж байгаа. Хасах 70 градуст хадгалахаас авахуулаад зарим вакцинд тусгай шаардлагууд тавигдаж байгаа. Монгол Улс сайн дурын вакцинжуулалтын хуультай, үндэсний систем, тогтолцоотой. Тиймээс ч , вакцинжуулалтыг харьцангуй өндөр хувьтай явуулдаг орны тоонд ордог. Энэ хэрээр манай эрүүл мэндийн, вакцинжуулалтын систем, дэд бүтэц нь харьцангуй өндөр хэмжээнд байдаг. Тэр утгаараа бид олон улстай идэвхтэй ажилласны дүнд харьцангуй эхэн үед вакцинжуулалтад хамрагдах орны тоонд ороод явж байна.

-Энэ сарын 2-нд Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргаж иргэдийн амьдралд бодит дэмжлэг үзүүлж чадсан. Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Цаашид энэ мэт шийдвэрүүд гарах уу. Аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчмын ямар бодлого баримталж байна вэ?

-“Ковид-19” вирусын хамгийн хүндрэлтэй асуудал бол хоёр юмны хайчин галд УОК, Засгийн газар ажиллаж байгаа юм. Нэг талаасаа өвчин, халдварыг хумих, эрсдэл багатай даван туулах. Ингэхийн тулд дэлхий нийтийн хамгийн хатуу барьж байгаа зарчим, хатуу хөл хорионы зарим хэсэг буюу аль болох хүн олноор бөөгнөрөхгүй байх, халдвар хамгааллын нарийн дэглэм барих ёстой. Ингэж чадвал өвчлөл тодорхой хэмжээгээр тархах магадлал багасна, саарна гэдгийг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Гэтэл нөгөө талдаа хатуу хөл хорио, энэ хүн бөөгнөрөхгүй байх үйл явдал нь өөрөө эдийн засгаа боомилж маш хүнд байдалд оруулж байгаа юм. Тод илэрхийлэл нь өнөөдөр дэлхийн бүх орны эдийн засаг алдагдалтай гарч, ихэнх улс эдийн засгийн хувьд асар их уналтад орох хандлагатай байна. Монгол Улсын хувьд ч гэсэн төсвийн гүйцэтгэл өндөр хувийн алдагдалтай, эдийн засаг ч хасах гарах хандлагатай амаргүй байна. Тиймээс бид экспорт руу чиглэсэн мөчлөг сөрсөн бодлогыг илүү баримталж ажиллахыг хичээж байна. Нэг ёсны энэ “Ковид-19”-өөс хамаарсан эдийн засгийн уналт бол V хэлбэр буюу огцом унаж огцом эргэж сэргэх, Хятадын эдийн засгийг дагаад эргэж сэргэх хандлага байна гэж олон улсын байгууллагууд дүгнэж үзэж байгаа юм. Нөгөө талаасаа бизнес эрхлэгчид болон аж ахуйн бизнес эрхлэгчдэд өнөөдрийн нөхцөл байдал хүндээр тусаж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хавраас эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, тодорхой хувиар хөнгөлөхөөс эхлээд татварын хуулиудыг тэглэж, мөн хөнгөлж, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн гээд нийгмийн чиглэлийн болон эдийн засгийн багц арга хэмжээнүүдийг авсан. “Ковид-19”-тэй холбоотой энэ ажлуудыг 2021 оны долдугаар сар хүртэл сунгаж байна. Хоёр дугарт сая Засгийн газраас 23 төрлийн арга хэмжээг авч ажиллахаар болж, шат шатандаа тодорхой арга хэмжээнүүд авч эхлээд байна. Ням гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас бүх айл өрхийн дулаан, уур, ус, цахилгаан, хогны мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүртэл тэглэх шийдвэр гарсан. Дулааны мөнгийг мөн 100мкв байртай айл өрхүүд тэглүүлнэ. 100мкв дээш үлдсэн мкв-ийн төлбөрөө өрх төлнө. Өмнө 50 хувь хямдруулаад байсан сайжруулсан шахмал түлшний үнийг дахин 25 хувиар нэмж хямдруулан иргэд 75 хувийн хямдарсан үнээр сайжруулсан шахмал түлшээ худалдан авах боломжтой болж байна. Энэ хөнгөлөлт ААН-үүдэд мөн хамаарна. ААН-үүдийн цахилгаан, дулаан, ус, уур, хогны мөнгийг тэглэж, төр бүрэн хариуцаж ажиллахаар болж байна. Энэ шийдвэрүүд нь иргэд ААН-үүдийн өдөр тутмын амьдралд зарцуулагдаж байгаа зардлыг хэмнэсэн зөв шийдвэр гэж үзэж байгаа. Шууд иргэдэд бэлэн мөнгө тараах бол нэг талдаа бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Нөгөө талдаа яг тийм чадавх Монгол Улсын Засгийн газар, төрд байхгүй, төсөв хүндрэлтэй байна. Тийм учраас иргэн бүрт тэгш хүрэх, аж ахуйн нэгжүүддээ очих, хүртээмжтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй арга хэмжээг өөрсдийн нөөц, боломжид суурилан авах ёстой гэсэн хатуу байр сууринаас энэ шийдвэрийг гаргасан. Мэдээж Засгийн газарт хөрөнгө мөнгө байгаа бол энэ хүнд нөхцөлд харамлах зүйл байхгүй. Гэхдээ Монгол Улс тийм өндөр чадавхтай биш гэдгийг хаа хаанаа ойлгож мэдэж байгаа байх аа. Тиймээс өөрийн чадах боломжийн  хэмжээнд Засгийн газар авах ёстой бүх арга хэмжээг бүгдийг нь авч ажиллаж байна. Нөгөө талдаа бид энэ цар тахлыг бүх талаараа хохирол багатай даван туулахыг хичээж байгаа. Нэгд, иргэдийн эрүүл мэнд, амь нас, хоёрт, аж амьжиргаа, эдийн засгийн хувьд мөн хохирол багатай туулах, ийм зорилтын хүрээнд дээрх шийдвэрүүдийг гаргаж байна. Ер нь цаашид томоохон хэмжээний бүтээн байгуулалтууд хийгдэж байж эдийн засгаа эргэж сэргээх тал руу томоохон бодлогыг бид гаргаж ирж зоригтой шийдвэрлэж байж, ирэх ондоо эдийн засгаа эргэж хэвийн байдал руу оруулах ийм нөхцөл бүрдэнэ. Өвчний нөхцөл байдал яг одоогийнх шиг ингээд тогтвортой байж чадвал бид аль болох бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барина. Өнгөрсөн найман сараас эхлээд Монгол Улсад бүртгэгдсэн халдвартай иргэдийн тоо өвчний нөхцөл байдалтай уялдуулан бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг үе шаттай нээж, олон нийтийн арга хэмжээг ч хорьж цагдахгүй хэвийн горимд шилжүүлээд байсан. Харин арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар гарсантай холбогдуулан эргээд хязгаарлсан. Хэрэв халдварын тохиолдолд бэлэн байдлын зэргийг бууруулсан энэ хэмжээнд байж чадвал төр аль болох бизнесийн бүх салбарыг үе шаттай нээж, хэвийн горимд шилжүүлэн ажиллах чиглэлийг барьж ажиллаж байна.  Гэхдээ хэрэв өвчний нөхцөл байдал хүндэрвэл бид дахин хатуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мөн манай бизнес эрхлэгчид болон ард иргэд ойлгож байгаа байх. Ингэхийн тулд бид бүгдээрээ иргэн бүр аж ахуйн нэгж болгон өндөр хариуцлагатайы байж хичээх хэрэгтэй. Халдвар хамгааллын нарийн дэглэм, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн маскаа зүүх,  зайгаа барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх гэсэн энгийн энэ дэглэмүүдээ мөрдөж чадвал бид коронавирусын халдварыг Монголдоо цар тахлын хэмжээнд хүргэчихгүй хохирол багатай даван туулах бүрэн боломж бий. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна