Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар малчид, хөдөөгийн иргэдэд хандсан багц арга хэмжээ авч Улсын нөөцөөс 2 тэрбум 160 мянган төгрөгийн өвс, тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо. Үүнд 3800 тонн өвс, 1900 тонн тэжээл багтаж байгаа юм. Тодруулбал дээрх хэмжээний өвсийг үнэгүй олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй малчид худалдаж авна.
Хөдөө, орон нутгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй 21 аймгийн 10 аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Энэ дотор 72 сум өнөөдрийн байдлаар амаргүй нөхцөл байдалд байгаа талаар сумын удирдлага болон онцгой комиссоос мэдээлж байна. Өвөлжилт хүндэрч эхэлсэн Баянхонгор аймаг болон отор нүүдлээр явж байгаа малчдад тусламж хамгийн түрүүнд очно.
Монгол Улсын Шадар сайд онцгой комиссын дарга Я.Содбаатар энэ сарын 02-ны өдөр “Ковид-19” халдварын талаар 21 аймгийн удирдлагатай цахим хурал хийх үеэрээ цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт, отор нүүдлийн талаар мэдээлэл сонсож, засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Танилцуулгын дагуу Засгийн газар малчдад чиглэсэн дээрх багц арга хэмжээг авсан байна.
Мөн өвөлжилт нэн хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн бүх сумдад хүндэвтэр байгаа Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болжээ.
Тусламжийн хүрээнд эдгээр аймгуудын 40 мянган малчин өрх тус бүр 300 мянган төгрөгийн үнийн дүн бүхий тэжээлээр хангагдахаар болоод байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна